Хурал даргалагч хэмээх найруулагч

2023 оны 1 сарын 232023-01-23
Хурал даргалагч хэмээх найруулагч

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлого, хүний эрх, эрх чөлөө, түүний баталгаа, гэмт хэрэгтэй тэмцэх бодлогын хууль, тогтоомжийг УИХ-ын тухай хуульд заасанчлан Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлэх учиртай.

Гэтэл УИХ-ын дарга Г.Занданшатар мэргэжлийн байнгын хороогоор нь биш тэс хөндлөн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд Н.Учрал сайдын өргөн барьсан “Олон нийтийн сүлжээнд иргэдийн эрхийг хамгаалах хуулийн төсөл”-ийг хуваарилж дэмжүүлээд хоёрхон хоногийн дотор УИХ-аар хэлэлцүүлж баталлаа.

Бушуу туулай борвиндоо баастай гэдгийн үлгэр болж, иргэдийн эрхийг хамгаалахаас илүүтэй эрхийг нь боомилох хууль болсон тухай сэтгүүлчид, Эмнести интернэшнл, МСНЭ, Глоб интернэшнл, Хүний эрхийн форум зэрэг байгууллага шүүмжилж байна.

Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн л юм бол 48 цагийн дотор хууль батлах явдал Хууль тогтоомжийн тухай хууль, УИХ-ын тухай хууль, Дэгийн тухай хуулиар ямар ч боломжгүй. Яагаад гэвэл, хууль санаачлагч нь тухайн төслөө олон нийтэд нээлттэй танилцуулах, тэднээр хэлэлцүүлэх, саналыг нь хүлээн авах, эргээд хариу өгөх үүрэгтэй бөгөөд эдгээр нь хуульд заасан хугацаатай. УИХ-ын дарга Г.Занданшатар эдгээр шалгуурт тэнцсэн хуулийн төслийг л хүлээж авах бөгөөд хангаагүй бол өргөн барих хугацааны тов олгох нь бүү хэл, санаачлагчид нь буцаах ёстой. Гэтэл Г.Занданшатар тэгсэнгүй, бүрдүүлбэр дутуу хуулийг хүлээн авч хэлэлцүүлсэн, цөөнхийн бүлэгт хүссэн завсарлагааны хугацааг нь өгөөгүй, “Тоглоод байдаг юм уу, яагаад байдаг юм. Нэг бол таръя, яршиг” гэж зандарч байгаад хуулийг батлуулж дөнгөв.

Чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад байхгүй хуулийг гэнэт оруулж ирэн, “шуурхай” нэрийн дор олон нийтийн саналыг авалгүй хэлэлцүүлсэн явдал Г.Занданшатарын үед олон удаа тохиолдож байна. “Хүн биш хууль засагладаг болохын төлөө” гэж байнга ярьдаг хэрнээ Аялал жуулчлалын тухай хуулийн төсөл, оны өмнө батлагддаг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг ийм л замаар хууль тогтоох дээд байгууллагын босгоор давуулсан тэр.

Засгийн газар бодлогын асуудлаараа танхимынхаа гишүүнд хууль санаачлах даалгавар өгч, түүнийгээ дэмжээд УИХ-д оруулж ирэх өөр. Танхимын сайд нь өөрийн санаачилсан хуулиа Засгийн газарт танилцуулан дэмжлэг аваад УИХ-д оруулж ирэх бас өөр. Харин Засгийн газрын бодлогыг 3 сая иргэнд үйлчлэх хууль болгон батлах эсэх, батлахдаа хүрвэл аль зүйл, заалтыг хэрхэн шүүлтүүрдэх нь УИХ-ын асуудал биз дээ. Гэтэл УИХ-ын гишүүд нь хуулийн төсөл, түүний нийгэмд үзүүлэх үр дагаврын судалгаа зэрэгтэй танилцаж амжихгүй танин мэдэхүйн асуулт асуусаар хуулийг баталж байгаа нь парламентыг чадавхгүй байгаагийн, УИХ-ын гишүүдийг ажилдаа хайнга хандаж байгаагийн, УИХ нь Засгийн газрынхаа барьцаанд ажиллаж байгаагийн илрэл болов. Хуулийн төсөлтэй танилцах, санал өгөх хугацаа гаргах нь УИХ-ын даргын хийх ёстой ажил шүү дээ. Тэрнээс тэр Засгийн газарт хууль тогтоох эрх мэдлийг барьцаалуулж болохгүй.

B142A35A-98A5-4D26-8406-5DF32F2004B0.jpegТухайн хэлэлцэх асуудал нь хэд хэдэн байнгын хорооны асуудал байвал 2, 3 байнгын хороогоор хэлэлцүүлдэг, эсвэл байнгын хорооны нэгдсэн хуралдаан хийж хэлэлцүүлдэг жишиг уг нь байдаг. Гэтэл Монгол Улсын гадаад бодлоготой, тэр тусмаа аюулгүй байдалтай онцын хамааралгүй хуулийн төслийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор л ганцхан хэлэлцүүлсэн нь УИХ-ын дарга Г.Занданшатарын цэвэр хариуцлага. Хэзээ байтлаа АБГБХ зөрчилтэй контент, нийгмийн сүлжээнд иргэд нэгнээ сайн муугаар хэлэх, гүтгэж доромжлохыг хэлэлцдэг байлаа даа.

Нүүрсний хэрэгт нэр холбогдсон Т.Аюурсайхан, ажнай Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Ц.Сэргэлэн, Б.Баттөмөр, үргэлж иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг боомилох талаар ярьдаг Б.Энх-Амгалан, Б.Дэлгэрсайхан, Б.Бат-Эрдэнэ нараас энэ Байнгын хороонд харьяалагддаг шүү дээ.

Г.Улсболд

Санал болгох

Б.Цогтсаран захирал нь зээлсэн 198.3 сая төгрөгөө ХААДС-даа төлсөн үү

Б.Цогтсарангийн үүсгэн байгуулж, захирлаар нь ажиллаж байсан Өгөөмөрхан Тайж компани нь өөрийнх нь удирдаж байгаа санд өртэй байж магадгүй байгаа нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй юм.

1 жилийн өмнө
Нүүрсний сонсгол хийхгүйн тулд АТГ-аас бичиг гуйсан уу

Эмийн чанар, стандарт, үйлдвэрлэл, нийлүүлэлтийг шалга хэмээн УИХ бодлогоор Байнгын хороо шиг өргөн бүрэлдэхүүнээр Түр хороо байгуулсан. Гэвч 2022 оны тавдугаар сард байгуулагдсан Н.Учрал, Э.Батшугар, П.Анужин, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Б.Саранчимэг, Д.Батлут, Ж.Чинбүрэн, Б.Бейсен, С.Ганбаатар, С.Одонтуяа, Ц.Туваан нарын 12 бүрэлдэхүүнтэй Түр хороо юу ч хийсэнгүй. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд элэгний В, С вирусийн эмийг 2-3 дахин өндөр үнээр иргэдэд шахаж, эрүүл мэндийн даатгалын сангаас хөрөнгө шамшигдуулсан эмийн мафийнхныг эс үйлдлээрээ өөгшүүлэв. Тэд шалгалт байтугай сонсгол ч хийсэнгүй.

1 жилийн өмнө
Худлаа ярихаа боль, Г.Дамдинням аа

Г.Дамдинням гишүүн зээл нь бүтэх үед энгийн ардын хүү, ажилгүй нэгэн байгаагүй. Харин ч нам, төрийн зүтгэлтэн, мэдээлэлд ойр нэгэн байсан нь намтраар нь нотлогдож байна. Түүнийг зээлд хамрагдаад, боловсрол олсныг нь буруутгаагүй ээ. Сандарч цохихдоо худлаа хэлснийг нь л санууллаа.

1 жилийн өмнө
Хөгжлийн банкнаас авсан 8.4 тэрбумаа зориулалтын бусаар зарцуулжээ

Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед “ЭКСИМ-300” хэмээх хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ бол 300 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас гарган Монгол Улсын экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлд арилжааны банкуудаар дамжуулан зээл олгох хөтөлбөр байсан юм. Бизнесийн зээлийн хүү 13 хувьтай байхад дээрх хөтөлбөрийн хүрээнд 3 хувийн хүүтэй зээл олгосон. Энэ зээлийг зориулалтаар нь ашиглаагүй нөхөд УИХ-аас байгуулсан Хөгжлийн банкны түр хорооноос зохион байгуулж байгаа сонсголоор ил болж байна.

1 жилийн өмнө