ШШГЕГ-ын дарга Д.Загджавыг өнөөдөр чөлөөлж, оронд нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн садан ЦЕГ-ын дэд дарга О.Амарсанааг томилсон.
Харин О.Амарсанаагийн оронд ЦЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа П.Оростогоог томилж байгаа ажээ. П.Оростогоо нь Хэнтий аймгийнх бөгөөд цагдаагийн байгууллагад шуурхай удирдлагын цагдаагаас ажлын гараагаа эхлүүлж Бор-Өндөрийн цагдаагийн хэлтэст 10 гаруй жил ажилласан гэдэг.
Сүүлийн 10 жилийн турш цагдаагийн байгууллагын удирдах шатанд ажиллаж байгаад Хэнтий аймгийн Цагдаагийн газрын даргаар 2016 онд, дараа нь Хууль сахиулах их сургуульд ажиллаж байсан түүнийг 2020 оны наймдугаар сард Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болдын тушаалаар Захиргааны удирдлагын газрын даргаар томилсон юм. Цагдаагийн байгууллагад анхан шатны нэгжээс нь өгсөж ажилласан түүнийг сайн менежер хэмээн ярилцдаг бөгөөд ШШГЕГ-ын даргаар очих тухай хэвлэлд бичигдэж байсан юм билээ.
Ерөнхийлөгчийн, Ерөнхий сайдын, Хууль зүй, дотоод хэргийн сайдын нутаг Хэнтийнх гэх шалгуураар Монголын шүүх, прокурор, цагдаа, АТГ-ын удирдах албан тушаалд олон хүн томилогдож байна.