Иргэн Э.Одбаяр нарын таван иргэнд холбогдох хэргийг өчигдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, тэднийг худал мэдээлэл тараасан, хууль сахиулагчийн хууль ёсны ажлыг эсэргүүцсэн гэм буруутайд тооцож, зорчих эрх хязгаарлах ял оноосон.
Харин өнөөдөр Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өөрийн санаачилгаар дээрх хэргийн тухай мэдээллийг дэлгэрүүлж ярилаа. Ингэхдээ тэрээр шүүхийн шийдвэр албажаагүй тул прокурорын дүгнэлтийг харж ярьж байгаагаа тайлбарлаж, хувилж авсан яллах дүгнэлтийг сэтгүүлчдэд харуулав.
Бид Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Тамгын газрын ажилтнаас Э.Одбаяр нарт холбогдох хэргийн шүүхийн шийдвэр албажиж гарсан эсэх, хэргийн холбогдогч нарт гардуулсан эсэхийг асуулаа. Тэрээр, шүүхийн шийдвэрийг 15 хоногт бичгээр гаргаж, дараа нь гардуулдаг хуулийн хугацаатай болохыг хэлсэн юм.
Харин прокурорын яллах дүгнэлт бол шүүхийн албажсан шийдвэр шиг shuukh.mn сайтад нийтлэгдэж олон нийтэд ил болдоггүй. Зөвхөн тухайн эрүүгийн хэргийн оролцогчид буюу хохирогч болон шүүгдэгч, улсын яллагч, мөрдөгч, шүүгч, өмгөөлөгч танилцдаг баримт юм.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нь иргэн Э.Одбаяр нарын хэргийн оролцогч биш, тухайн мөрдөн шалгах ажиллагаанд оролцох эрхгүй этгээд байж яаж, ямар замаар, хэний зөвшөөрлөөр олж авсан нь анхаарал татаж байна. Мөн Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулдаг индрийг ашиглаж, ийм зориулалтын цаг дээр цугласан хэвлэлийнхний цугласан байдал дээр яллах дүгнэлт харуулан танилцуулж, намын үүрэгтний ажлаа хольж байгаа нь хачирхалтай байлаа.
Г.Улсболд