Өнөө шөнө Сар хагас хиртэнэ

2024 оны 9 сарын 172024-09-17
Өнөө шөнө Сар хагас хиртэнэ

Сар өнөө шөнө буюу 9-р сарын 17-18-нд шилжих шөнө хагас хиртэнэ. Энэ үед Сарны багахан хэсэг нь харанхуйлж, улаан өнгөтэй болох юм байна. Тэнгэр цэлмэг байвал Хойд болон Өмнөд Америк, Европ, Полинезын зүүн хэсэг, Атлантын далай, Зүүн ба баруун Энэтхэгийн далай, Африкийн ихэнх хэсгээс үүнийг харах боломжтой. 3 цаг орчим үргэлжлэх энэ үйл явдлын оргил үе 22 цаг 44 минутанд болно. Сарны хиртэлт яг энэ үед хамгийн сайн харагдах юм байна.

Дэлхийг Сар тойрон эргэдэг. Ингэх замдаа Дэлхийн сүүдэрт орох үзэгдлийг Сар хиртэх гэдэг. Сарны хиртэлтийг бүтэн, хагас, хагас сүүдрийн хиртэлт гэж ангилна. Энэ онд Сар нийт 2 удаа хиртэж байна. Эхнийх нь 3-р сарын 25-нд болж, хагас сүүдрийн хиртэлт ажиглагдсан юм. Дараагийнх нь өнөө шөнө болж, Сар хагас хиртэнэ. 

Вентворт технологийн хүрээлэнгийн туслах профессор, доктор Бенжамин Бое "Дэлхийн сүүдэр Саран дээр тусахад Сар хиртдэг. Дэлхийн сүүдэрт Сар орвол харанхуй болно. Энэ удаагийнхыг "Гурвалсан хиртэлт” гэдэг. Учир нь Сар Дэлхийд хамгийн ойрхон ирж, ердийнхөөсөө илүү том харагдана. Үүнийг Супер Сар гэдэг юм” гэж тайлбарлажээ.

Зурхайч Астро Мажи "Сар бүтэн хиртэх нь зурхайн чухал үйл явдал юм. Энэ удаад Загасны ордонд Сар байрлахдаа хэсэгчлэн хиртэх юм. Энэ нь хүмүүст сэтгэл хөдлөл, зөн совин, оюун санааны болон мөрөөдлийн хүчтэй нөлөө авчирдаг. Үүний нөлөөгөөр бүх хүний  сэтгэл хөдлөл нэмэгдэх болно” гэж онцолжээ.

Б.Мөнхзул

Санал болгох