Латви улс хэлийг нь сураагүй оросуудыг нутгаас нь явахыг шаардав

2024 оны 9 сарын 172024-09-17
Латви улс хэлийг нь сураагүй оросуудыг нутгаас нь явахыг шаардав

1989 онд Латви улсад 900 мянга орчим орос үндэстэн амьдардаг байжээ. ЗXУ задарсны дараа тус улсын оршин суугчдын зарим нь ОХУ руу нүүж, зарим нь Латви улсад үлдсэн юм. Тэдний олонх нь латви хэл мэдэхгүй, Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс мэдээллээ авдаг байна. 2022 оны 2-р сард Орос, Украины дайн дэгдсэний дараа Латвийн Засгийн газар Цагаачлалын хуулиа шинэчилж, улсад нь байнга оршин суудаг оросуудад тодорхой нөхцөл тулгасан юм. Тухайлбал: Латви хэлний А2 түвшин буюу өдөр тутмын харилцааны чадварыг шалгах шалгалтад тэнцээгүй бол оршин суух эрхийг нь сунгахгүй гэжээ.

2024 оны статистик тооллогоор Латви улсын нийт хүн амын 63%-ийг уугуул үндэстэн, 23%-ийг оросууд, 3%-ийг украинчууд, 3%-ийг беларусьчууд, 2%-ийг польшууд бүрдүүлж байв. Тэгвэл өнгөрсөн 12 сарын хугацаанд тус улсад оршин суудаг орос иргэдийн 85% нь шалгалтад тэнцэж, латви хэл сурч эхэлсэн гэх шалтгаанаар оршин суух эрхээ сунгуулсан байна. Шалгалтад тэнцээгүй болон огт шалгалт өгөөгүй 632 хүн ОХУ руу явсан бол шаардлага хангаагүй 63 хүнд албан ёсоор шаардлага хүргүүлжээ.

Эх сурвалж: Dailywrap

Б. Хулан

Санал болгох