Узбекистан анх удаа ФИФА-ийн тэмцээнийг зохион байгуулж байна

2024 оны 9 сарын 182024-09-18
Узбекистан анх удаа ФИФА-ийн тэмцээнийг зохион байгуулж байна

Футзалын 10 дахь удаагийн ДАШТ энэ сарын 14-нд Узбекистан улсын Ташкент, Бухара, Андижан хотуудад эхэлсэн билээ. 1989 оноос эхлэн явагдсан энэ тэмцээнийг 1992 оноос хойш дөрвөн жил тутамд зохион байгуулж ирлээ. Энэ удаа 121 орны шигшээ багаас шалгарсан шилдэг 24 баг оролцож байна. Тэдний дунд Дэлхийн 5 удаагийн аварга, мөнгө, хошой хүрэл медальт Бразил, Дэлхийн хошой аварга, гурван мөнгө, хүрэл медальт Испани, 2016 оны Дэлхийн аварга, 2021 оны мөнгөн медальт Аргентин, 2021 оны Дэлхийн аварга Португал гэсэн шилдэг багууд бий.

Харин ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт АНУ, ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт Италийн багууд урьдчилсан тэмцээнээс шалгарч чадсангүй. Мөн Франц, Шинэ Зеланд, Тажикистан, Афганистаны шигшээ багууд ДАШТ-д анх удаа оролцож байгаа юм.

"А" хэсэг: Узбекистан, Голланд, Парагвай, Коста Рика

Энэ хэсэгт Узбекистан ганцхан хожиход, плей-оффт үлдэх бүрэн боломжтой.

"B" хэсэг: Бразил, Тайланд, Хорват, Куба

Футзалын ДАШТ-ий 5 алт, 1 мөнгө, 2 хүрэл медальт Бразил энэ хэсгийн төдийгүй тэмцээний гол фаворит. Тэд Кубыг 10:0, Хорватыг 8:1-ээр төвөггүй хожин, плей-оффт үлдэх эрхээ авсан. Энэ хэсэгт мөн Хорватыг 2:1, Кубыг 10:5 -аар хожсон Тайландын шигшээ баг шөвгийн 16-д мөн шалгараад байна.

"С" хэсэг: Аргентин, Украин, Афганистан, Ангол

Дэлхийн АШТ-ий алт мөнгөн медальт Аргентин эхний тоглолтдоо Украиныг 7:1-ээр хожсон. ФИФА-ийн шигшээ тэмцээнд анх удаагаа оролцож буй Афганистан улс Анголыг 6:4-өөр хожин, түүхэн амжилт гаргалаа.

"D" хэсэг: Ливи, Испани, Казахстан, Шинэ Зеланд

Ливи ДАШТ-д 3 удаа оролцсон туршлага зааж, анх удаа орж буй Шинэ Зеландыг 3:1-ээр хожлоо. Харин Казахстан, Испани улсын баг 1:1-ээр тэнцэж, шуугиуллаа.

"Е" хэсэг: Португал, Марокко, Тажикстан, Панама

Дэлхийн аварга цомыг хадгалж буй Португал 10:1-ээр Панамаг бут ниргэсэн бол Марокко Тажикстаныг 4:2-оор хожив.

"F" хэсэг: Иран, Франц, Гватемал, Венесуэл

Азийн футзалын шилдэг баг, ДАШТ-ий хүрэл медальт Иран Венесуэлийг 7:1-ээр хөнгөхөн хожсон бол ДАШТ-д анх удаа орж буй Франц 6:3-аар Гватемалаг хожив.

Хэсгийн тоглолтын дараа хэсэг тус бүрээр шилдэг хоёр баг (12 баг), мөн хэсэгтээ 3 байр эзэлсэн багуудаас шилдэг үзүүлэлттэй 4 баг, нийт 16 баг хасагдах шатанд өрсөлдөх юм. Тэмцээн 10-р сарын 6-нд дуусна.

Б.Мөнхзул

 

Санал болгох