О.Алтангэрэл: Цагдан хорьсон хүн нас барсанд буруутай албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэнэ

2024 оны 7 сарын 252024-07-25
О.Алтангэрэл: Цагдан хорьсон хүн нас барсанд буруутай албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэнэ

Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, хорих 461 дүгээр ангид саатуулаад байсан иргэн нас барсан хэрэг гарсан юм. Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан 21 настай залуугийн бие муудаж, Улсын гуравдугаар төв эмнэлэгт энэ сарын 22-ны өдөр хүргэгдэн ирээд, 23-ны өдөр нас барсан байна.

Ар гэрийнхнийх нь зүгээс түүнийг цагдаагийн албан хаагчдад зодуулсны улмаас амь насаа алдсан гэж үзэж байгаа сэтгүүлчдэд өчигдөр мэдээлсэн юм. Тэд Авлигатай тэмцэх газарт гомдол гаргажээ. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр хариу мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Дүн шинжилгээ, үнэлгээ, хяналт шалгалтын хэлтсийн дарга, хурандаа Б.Батдэлгэр “Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс хуулийн дагуу хүний эрх зөрчигдсөн эсэхэд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Харин цагдаагийн байгууллагаас Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан хаагчид сахилга, ёсзүйн зөрчил гаргасан эсэх асуудлыг шалгаж байна.

Талийгаач 2023 оны 11 сараас хойш эрэн сурвалжилж, 1 дүгээр сарын 24-ний өдөр олж тогтоон, харьяалах цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Өмнө нь хоёр удаа ял шийтгэгдэж байсан, 7 холбогдогчтой 53 хэрэгт шалгагдаж байсан. Улмаар 10 хэрэгт яллагдагчаар татагдсан тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад, шалгаж байсан нь тогтоогдсон” гэв.

Энэ асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл "Цагдан хоригдож байхдаа нас барсан иргэн О-н гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд үйл явдал болсон цагаас эхлэн, анхаарал хандуулж байсан бөгөөд, талийгчийн ар гэртэй биечлэн холбогдож ярилцсан. Чиглэл тус бүрээр хийгдэж байгаа албаны шалгалтын үр дүн гарч, хуулийн зөрчил тогтоогдвол буруутай албан тушаалтнууд, эрх мэдэлтнүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэнэ" гэж мэдэгдлээ.

Санал болгох