horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Газын зурвасын хүмүүнлэгийн тусламж олгох цэгт Палестины 31 иргэн буудуулан амь үрэгджээ

post-img

Ням гарагт Газын зурвасын хоол хүнс, хүмүүнлэгийн тусламжийг хуваарилан олгох цэгт хамгийн багадаа 31 палестин иргэн буудуулан амиа алдаж, 170 гаруй хүн шархдаж, гэмтсэн талаар Газын Эрүүл мэндийн яамнаас мэдэгдсэн байна.

Тус яам болон тухайн хэрэг явдлын гэрчүүдийн мэдэгдсэнээр ням гарагийн үүрээр тусламж олгох цэгээс 1 км орчмын зайд тухайн хэсэг рүү алхаад явж байсан палестины иргэд рүү Израилын зэвсэгт хүчнийхний зүгээс гал нээсэн гэжээ.

Харин Израилын зэвсэгт хүчний зүгээс дээрх хэрэг явдал болсон Газын зурвасын Рафах хот дахь тусламжийн бараа тараах цэг болон тухайн хэсгийн ойр орчимд энгийн иргэд рүү гал нээгээгүй хэмээн няцаасан мэдэгдэл хийсэн байна. Тухайн хэсэгт үүрэг гүйцэтгэж буй Израилын зэвсэгт хүчний нэрээ нууцалсан албаны хүний мэдэгдсэнээр Израилын цэргүүд рүү шөнө үл мэдэгдэх сэжигтэй этгээдүүд ойртож ирэх үед анхааруулах дохио өгч, агаарт буудсан талаараа мэдээлжээ.

Хүнсний тусламжийг тараах ажлыг гүйцэтгэн явуулж буй GHF байгууллагын зүгээс мөн Рафах хот дахь тусламж олгох цэгт болон ойр орчимд хүний амь үрэгдэж, шархдсан явдал болоогүй, хүнсний тусламж тараах ажил хэвийн явагдаж байгааг тодотгож, Хамас бүлэглэлийг “хуурамч мэдээ” тарааж байна хэмээн буруутгажээ.

Түүнчлэн Газын зурвасны өмнөд хэсгийн Хан Юнис хотод ням гарагт хийсэн дроны бичлэгийг Израилын зэвсэгт хүчний зүгээс ил болгосон байна. Өдрийн цагаар хийсэн тухайн бичлэгт нүүрээ тагласан багтай бүлэг этгээдүүд энгийн иргэд рүү гал нээж, тусламжийн бараа, хоол хүнсийг нь дээрэмдэхийг оролдож байгаа нь бичигдсэн байна. “Хамас бүлэглэл Газын зурваст хүмүүнлэгийн тусламж, хоол хүнс тараах ажлыг амжилтгүй болгохын тулд чадах бүхнээ хийж байна” хэмээн Израилын зэвсэгт хүчний мэдэгдэлд дурьджээ.

GHF (Gaza Humanitarian Foundation) байгууллага өнгөрсөн долоо хоногт Газын зурвасын ард иргэдэд хүмүүнлэгийн тусламжийг тараан олгож эхэлснээс хойш эмх замбараагүй байдал газар авснаас гадна ням гарагт 31 хүн амь үрэгдэж, 170 гаруй хүн шархдаж, гэмтэхээс өмнө хамгийн багадаа 6 хүн амиа алдаж, 50 гаруй хүн бэртэж гэмтсэн талаар эх сурвалжууд мэдээлсэн билээ.

0/1000