Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Бүрхээр багт нүүрс олборлодог “Могойн гол” ХК 17 тэрбум 813 сая төгрөгийн өрөнд оржээ. Энэ нь шүүхийн шийдвэрээр баталгаажуулсан, бусдад төлөх ёстой өр юм байна. Үүнийг дарахын тулд 185 мянга орчим коксжих нүүрс гаргаж зарах хэрэгтэй гэсэн тооцоо гарчээ. Гэвч нүүрс олборлох тэсэлгээний материал тус компанид байхгүй. Байгаа материалынх нь хугацаа дуусчихсан юм байна.
Шүүхийн шийдвэрээр тус компанийн банкин дахь дансыг хаачихсан аж. Банкнаас зээл авч, нүүрс олборлох гэхээр арилжааны банкууд зээл өгдөггүй гэнэ. “
Энэ талаар Хөвсгөл аймгийн ИТХ өнөөдөр хэлэлцэж байна. Могойн гол” бол Монголын хөрөнгийн биржээр хувьцаагаа арилждаг, орон нутгийн өмч давамгайлсан цөөн компанийн нэг. 2025.01.03-ны байдлаар нийт 928 хувьцаа эзэмшигчтэй. Үүний 3 нь нөлөө бүхий том хувьцаа эзэмшигч. Уг компанийн 51%-ийг Хөвсгөл аймгийн ЗДТГ эзэмшдэг. 16.33%-ийг иргэн Ж.Батболд, 15%-ийг “Транс нефть” ХХК, 0.3%-ийг гадаадын иргэд, 17.37%-ийг дотоодын иргэд эзэмшдэг. Тиймээс хувь нийлүүлэгчдийн хурлаар энэ тухай хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх шаардлагатай гэж тус аймгийн ИТХ-ын төлөөлөгчид үзэж байна.
Тус компани 2021 онд 700 сая төгрөгийн ашигтай ажиллаж, 2022 онд цэвэр ашгаасаа нийт 497.773.200 төгрөг буюу нэгж хувьцаанд 600 төгрөгийн ноогдол ашиг хувьцаа эзэмшигчдэдээ тараажээ. 2022 онд коксжих 120 мянган тн, эрчим хүчний 30 мянган тн нүүрс олборлон, 130.3 мянган тн нүүрс борлуулж, 1.2 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. 2023 онд 665.1 сая төгрөг болж, ашиг нь буурчээ.
2024 онд нүүрс борлуулж олсон орлого -23.41%-иар буурсан тул 6.7 тэрбум төгрөгийн орлого олсон аж. Орлого ийн буурсны улмаас өнгөрсөн жил -991.6 сая төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Харин одоо 17.8 тэрбум төгрөгийн өрөнд орчихсон байна. Үйл ажиллагааны тайлангаа хувьцаа эзэмшигчдэд танилцуулдаггүй гэж тус компанийг шүүмжилдэг. 2021 оноос хойш хувьцаа эзэмшигчдэдээ ноогдол ашиг тараагаагүй юм.

Тус компанийн ТУЗ 10 гишүүнтэй. Гишүүн тус бүр 2 сая гаруй төгрөгийн цалин авдаг аж. Энэ цалинг өгөхгүй болгох, ТУЗ-ийн гишүүдийг ямар ч цалингүй болгох санал уг хурлын үеэр гарч байв. Өмнө нь тус аймгийн ИТХ дахь АН-ын гишүүд “Могойн гол”-ын ашгийг нь нэмэгдүүлж чадахгүй бол 51%-ийг нь Хөрөнгийн бирж дээр гаргаж зарах санал гаргасан ч хүлээж аваагүй аж. Харин одоо зохион байгуулалттайгаар дампууруулж, хямдхан авах гэж байна хэмээн зарим хүн үзэж буй аж.
“Могойн гол” ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Баттогтох, захирал асан Б.Батхүү нарыг ажлаа хийж чадсангүй гэж буруутгах төлөөлөгч ч байна.
1970 онд Хөвсгөл, Завхан аймгийн дулааны станц, айл өрхийн түлшний хэрэгцээг хангах зорилгоор энэ компанийг байгуулжээ. Могойн голын нүүрсний ордыг анх 1950 -аад оны дундуур Монгол, Оросын хамтарсан геологичид илрүүлж, 1968, 1976 онд одоогийн “Хөвсгөл геологи” ХК нэмэлт хайгуул хийж, нөөцийг 15,508.6 мянган тонн гэж тогтоосон байна. Могойн голын уурхай өөрийн эзэмшлийн 174 га талбайтай. Үүнд 11.4 сая тонн нүүрс бий гэж таамагладаг. Нийт талбайн 85 га-д нь 2012 онд хайгуул хийлгэн, 10.2 сая тонн нүүрсний нөөц байгааг тогтоолгон, ашиглалтын тусгай зөвшөөрөл авчээ.
Эрчим хүчний нүүрсээ Мөрөн дулааны станц болон орон нутгийн уурын зуухнуудад нийлүүлдэг. Өнгөрсөн өвөл тус аймгийн засаг даргын шийдвэрээр коксжих нүүрсийг ангилан ялгаж, 5-20 см хэмжээтэй бүхэл нүүрсийг айлуудад 1 тонныг нь 150.000 төгрөгөөр, 1 шуудайг 6000 төгрөгөөр худалджээ.