2024 оны 12 сард цэргийн онц байдал зарласныхаа улмаас импичментээр огцорсон Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг шүүх хурлын дараагаар 6-р сарын 3-ны өдөр явуулахаар тогтсон БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид даваа гарагт буюу сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдрөө нийслэл Сөүл хотод ажиллаад байна. Эрх баригч, консерватив “Ард түмний хүч” намаас нэр дэвшигч Ким Мүн Сү сонгуулийн сурталчилгааны кампанит ажлын сүүлчийн өдрөө Өмнөд Солонгосын өмнөд хэсгийн Чэжү арлаас эхлүүлж, дараагаар нь нийслэл Сөүл хотын Ганнам дүүрэгт очиж, залуу үеийн төлөөлөл болсон сонгогчидтой уулзалт хийхээр төлөвлөсөн байна.
Харин түүний гол өрсөлдөгч, энэ удаагийн сонгуульд ялалт байгуулах өндөр магадлалтай байгаа сөрөг хүчний Ардчилсан намаас нэр дэвшигч И Жэ Мюн сонгуулийн сурталчилгааны кампанит ажлынхаа сүүлийн өдрийг өөрийн захирагчаар нь ажиллаж Гёнгги мужаас эхлүүлж, дараагаар нь “Солонгосын ардчиллын эх өлгий болсон түүхэн газар болох” нийслэл Сөүл хотын Ёойдо дүүрэгт очиж ажиллахаар төлөвлөжээ.
Тус улсын ихэнх томоохон судалгааны байгууллагуудын сүүлд явуулсан судалгаагаар Ардчилсан намаас нэр дэвшигч И Жэ Мюныг ялалт байгуулна хэмээн дэмжиж байгаа иргэдийн тоо өндөр гарсан байна.
Хамгийн сүүлд “Gallup” байгууллагаас явуулсан судалгааны дүнгээр судалгаанд оролцогчдын 49% нь И Жэ Мюныг дэмжсэн бол 35% нь импичментээр огцорсон Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын нам болох эрх баригч “Ард түмний хүч” намаас нэр дэвшигч Ким Мүн Сүг дэмжсэн байна. Хоёр нэр дэвшигч хоёулаа л улс эх орныхоо амин сүнсийг авч үлдэхийн төлөө хичээнгүйлэн ажиллах болно хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгаад байгаа юм.
БНСУ-ын Сонгуулийн үндэсний хорооноос мэдэгдсэнээр өнгөрсөн долоо хоногт хоёр хоногийн хугацаанд явагдсан эрт санал хураалтаар тус улсын нийт сонгуулийн насны иргэдийн 33 гаруй хувь нь оролцож, хэдийнээ саналаа өгөөд байгаа ажээ.
Мягмар гарагт явагдах Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан нэр дэвшигч маргааш нь буюу лхагва гарагт тангараг өргөж, 5 жилийн бүрэн эрхийн хугацаатай үүрэгт ажилдаа ямар нэгэн шилжилтийн хугацаагүйгээр шууд орох болно.