Нийслэлийн цагдаагийн удирдах газраас цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2025 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, нийслэл хотод үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх ажилд төрийн байгууллагуудын жигд оролцоог хангах, харилцан ойлголцол, хамтын ажиллагааг сайжруулах, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг зөрчлийг шийдвэрлэх, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх зорилгоор “Хамтдаа шийдье” уриатай уулзалт, хэлэл цүүлгийг өнгөрсөн долоо хоногт зохион байгууллаа. Энэ үеэр ЦЕГ-ын Хэрэг бүртгэх албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболдтой ярилцлаа.

-Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал ямар байна. Үүнтэй холбоотой энэхүү хэлэлцүүлгээр ямар асуудлыг хөндөж ярив?
-Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.7, Зөрчлийн тухай хуулийн 5.4-д гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хуульчилж өгсөн байдаг. Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг шалгах эрх бүхий албан тушаалтнууд мөн ажилладаг. Энэ оны эхний таван сарын байдлаар Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн 200 орчим мянган дуудлага мэдээллийн 15 мянга нь буюу долоо орчим хувь нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй байна. Өдөрт дунджаар улсын хэмжээнд нийт 100 орчим гэр бүлийн хүчирхийллийн гомдол мэдээлэл ирдэг. Энэ тоо жил ирэх тусам өсөн нэмэгддэг. Гэвч нөгөө талд эрх зүйн орчин маш сайн бүрдсэн байдаг. Тухайлбал, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Эрүүгийн хууль болон Зөрчлийн хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн тохиолдол бүр дээр хүндрүүлэх нөхцөлтэй хариуцлага хүлээлгэх эрх зүйн зохицуулалтууд бий болсон. Гэсэн хэдий ч шалтгааныг тогтоох, цаашид гэмт хэргийг хэрхэн бууруулах, түргэн шуурхай шийдэх, хүн бүрд ижил тэгш байдлаар хариуцлагыг оногдуулах чиглэлээр шүүх, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Хүний эрхийн үндэсний комисс зэрэг байгууллагын хамтарсан хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Энэ нь яах аргагүй хэлэлцэж, зөвлөлдөх ёстой чухал асуудал. Монгол Улсын Шүүх байгуулах тухай хуульд нийслэлийн хэмжээнд Эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх байгуулагдсан. Энэ тойргийн шүүх дээр нийслэлийн хэмжээнд бүртгэгдэж байгаа эрх бүхий албан тушаалтнуудын шалгасан гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага мэдээллийг шийдэж байгаа. Тийм учраас гэр бүлийн хүчирхийллийг түргэн шуурхай шийдвэрлэх, чирэгдэлгүй байлгах, дахин гаргуулахгүй байх чиглэлээр цагдаа, прокурор, шүүхийн байгууллага хамтын уялдааг хангах нь маш чухал гэж бид харж байгаа.
-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа хүмүүст ногдуулж буй ял шийтгэл, хариуцлага сул байгаагаас энэ төрлийн гэмт хэрэг буурахгүй байна уу?
-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа хүмүүст хүлээлгэж байгаа хариуцлагын хувьд баривчлах, торгох, зан үйлд нөлөөлөх албан сургалтыг явуулж байна. Бид энэ хэлэлцүүлгээр гэмт хэрэг өсч байгаа шалтгааныг тодорхойлох хэрэгтэй гэж үзэж байгаа. Хоёрдугаарт, гэр бүлийн хүчирхийллийн асуудалд хүний хувийн эмзэг мэдээллүүд байдаг учраас эдгээр хэргийг шалгадаг эрх бүхий албан тушаалтнууд, мөрдөгч нар чадавхжсан алба хаагч нар байх ёстой. Энэ утгаараа энэхүү сургалтыг үр нөлөөтэй явуулах, чадварлаг мөрдөгч нараар энэ асуудлыг шалгуулах асуудал хэрэгтэй.
Мөн шүүх дээр очсон хэргийг түргэн шуурхай шийдвэрлэх ёстой. Хуульдаа эрх бүхий албан тушаалтнаас хүргүүлсэн зөрчлийг шүүх даруй шийдвэрлэнэ гэж байгаа. Даруй гэхээрээ ирсэн даруйд нь шийдвэрлэнэ гэсэн үг.
-Зан үйлд нөлөөлөх сургалт нь хэр үр дүнтэй байдаг юм бол?
-Хуулиараа зан үйлд нөлөөлөх сургалтыг явуулна гэж заасан ч боловсон хүний нөөц ямар байгааг харах ёстой. Сэтгэцийн эрүүл мэнд, донтолтын асуудлууд байдаг учраас сэтгэцийн нарийн мэргэжлийн эмч нар, сэтгэл зүйч нарыг хамруулж, сургалт явуулах нь илүү үр дүнтэй гэж энэ хэлэлцүүлгээр хөндөж байна. Мөн гэр бүлийн хүчирхийллийн цаана хүүхдийн эрхийн асуудал давхар зөрчигдөж байдаг. Зөрчлийн тухай хуулийн 6.20.7-д маш тодорхой хуульчилж өгсөн байдаг. “Бага насны хүүхдийн эрхийг зөрчсөн насанд хүрээгүй иргэн, хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байдаг. Энэ тохиолдолд уг асуудлыг яаж давхар шалгах вэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Аюулын зэргийн үнэлгээ хэрхэн яаж хийгдэж байна вэ, хүчирхийлэлд өртсөн иргэд, бага насны хүүхдийг хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвөөр яаж үйлчлүүлэх вэ гээд олон зүйлийг өнөөдөр ярьж байна. Энэ асуудлыг дан ганц цагдаа, шүүх, прокурорын байгууллага биш төрийн болон төрийн бус байгууллага, эрүүл мэндийн байгууллага, хүчирхийллийн үндэсний төв гэх мэт байгууллагын хамтын уялдаа холбоо маш чухал байдаг.
-Хүчирхийлэл дийлэнх нь ямар хүчин зүйлээс болж гарч байна вэ?
-ДЭМБ-аас 2019 онд архинд донтох эмгэгийн судалгаа хийгдсэн. Энэ судалгаан дээр архинд донтох эмгэгээс шалтгаалсан гэр бүл салалт 50-иас дээш хувьтай гэж гарсан. Мөн 2022 онд Японы судлаач нар Монголын эрүүл мэндийн байгууллагатай хамтарч судалгаа хийсэн. Гэр бүлийн хүчирхийллийн гол шалтгаан нь ахуйн хүрээний архидан согтууралт болоод байна. Мөн цахим мөрийтэй тоглоомын донтолт, нийгмийн бүхий л сөрөг хүчин зүйлүүд ихэвчлэн гэр бүлийн хүчирхийлэлд нөлөөлдөг.
Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээ лэлд цагдаагийн байгууллага хамгийн түрүүнд очоод, аюулын зэргийн үнэлгээ хийдэг. Аюулын зэргийн үнэлгээ өндөр гарсан тохиолдолд гэр бүлийн гишүүн, бага насны хүүхдүүдийг нэн даруй хамгаалах байранд хүргэж, аюулгүй байдлыг нь хангаж ажилладаг. Эрх нь зөрчигдөөд байгаа хүүхдүүдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оруулахдаа тусгай бэлтгэгдсэн мөрдөгч нар, эрх бүхий албан тушаалтан хүүхдүүдтэй харьцана. Мэдээж өмгөөлөгч, нийгмийн сурган хүмүүжүүлэгч, насанд хүрсэн гэр бүлийн гишүүнийг оролцуулах зүйл байдаг. Хүүхэд болсон асуудлыг ярихдаа айсан, бухимдсан байдаг учраас сэтгэл зүй нь тайван байдалд орсон тохиолдолд тусгайлан бэлтгэсэн өрөөнд мэдүүлэг тайлбарыг авдаг.
-Хүчирхийллийн тодорхой хувь орон нутагт бүртгэгддэг. Орон нутгийн хүүхдүүдийг хамгаалах эрх зүйн орчин манай улсад хэр бүрдсэн байдаг юм бэ?
-НҮБ-ын хүүхдийн сан болон бусад төсөл хөтөлбөрөөр хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг хам гаалах нэг цэгийн үйлчилгээний төв болон хамгаалах байрууд аймаг орон нутагт байгуулагдсан. Гэхдээ бүх сумдад хэрэгжээд байна уу гэвэл үгүй, үе шаттайгаар байгуулаад явж байна.
Эх сурвалж: “Өдрийн сонин”
Г.Балгармаа