horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Орос-Украины гал зогсоох яриа хэлэлцээний 2 дахь шат үр дүнд хүрэлгүй өндөрлөв

post-img

Даваа гарагт Туркийн Истанбул хотноо зохион байгуулагдсан ОХУ, Украины хооронд гал зогсоох асуудлаарх шууд яриа хэлэлцээний 2 дахь шатны уулзалт дорвитой үр дүнд хүрэлгүй өндөрлөжээ.

Цаг гаруй хугацаанд үргэлжилсэн хоёр дахь шатны яриа хэлэлцээний үеэр талууд хоорондоо гал зогсоохын тулд эсрэг талдаа тавьж буй нөхцөл шаардлагыг багтаасан санамж бичгийн төслийг харилцан солилцсоноос гадна энэ удаагийн уулзалтаар олзны цэргүүдийн цогцос, хүнд шархдсан, хүнд өвчтэй олзны цэргүүд болон 25-аас доош насны залуу олзны цэргүүдийг харилцан солилцохоор тохиролцсон байна. Тодруулбал, талууд тус бүр 6000 олзны цэргийн цогсыг солилцохоор болсон шархдсан/өвчтэй/залуу цэргүүдийн тоо хэмжээний талаар болон энэхүү солилцоог явуулах товыг тодорхой мэдээлээгүй юм.

5-р сарын дундуур зохиогдсон өмнөх уулзалтын нэгэн адил Оросын талын төлөөлөгчдийн багийг ОХУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх Владимир Мединский, Украины талын төлөөлөгчдийн багийг тус улсын Батлан хамгаалахын сайд Рустем Умеров ахлан оролцлоо.

Украины Батлан хамгаалахын сайд уулзалтын дараа хийсэн мэдэгдэлдээ Украины тал хамгийн багадаа 30 хоногийн хугацаанд хуурай газар, далай тэнгис, агаарын орон зайд ямарваа нэгэн нөхцөл шаардлагагүй, бүрэн гал зогсоохыг шаардсан боловч Оросын тал ахиад л татгалзсан гэжээ. Мөн ОХУ руу хүчээр авч явж гаргасан Украины 400 хүүхэд багачуудын нэрсийн жагсаалтыг гарган өгч, буцаахыг шаардсан бол Оросын тал тэдгээр хүүхдүүдийг аюулгүй байдлын үүднээс дайны бүсээс гаргаснаа хэлж, 10 хүүхдийг буцааж өгөхөөр тохиролцсон талаар эх сурвалжууд мэдээллээ.

Харин яриа хэлэлцээнд оролцсон Оросын талын төлөөлөгчид галын шугаман дахь “зарим тодорхой хэсгүүдэд” 2-3 хоногийн хугацаатай гал зогсоох саналыг тавьсан ч дэлгэрэнгүй мэдээлэл хийгээгүй байна. Мөн Оросын талаас эзлэн аваад буй Украины Донецк, Луганск, Херсон, Запорожье мужууд болон 2014 онд өөрийн газар нутгийн бүрэлдэхүүнд нэгтгэсэн Крымын хойгийн бүсийг ОХУ-ын нутаг дэвсгэр хэмээн олон улсад хүлээн зөвшөөрөх шаардлагыг тавьсан байна. Түүнчлэн Украин улсыг аливаа олон улсын цэргийн эвсэлд нэгдэхийг хориглох, Украины цэрэг армийн тоо хэмжээнд хязгаарлалт тавих, Орос хэлийг Украинд албан ёсны хэл болгох, ОХУ-ын эсрэг тавьсан олон улсын хоригуудыг цуцлах зэрэг шаардлагуудыг тавьжээ.

ОХУ болон Украины талаас боловсруулан бэлдэн ирж, харилцан солилцсон гал зогсоох санал бүхий харилцан ойлголцлын санамж бичгийн төслийг бүрэн эхээр нь олон нийтэд албан ёсоор ил болгоогүй байна.

Украины төлөөлөгчид өөрсдийн тавьж буй саналын хариуг энэ сарын сүүлээр Москвагаас авна гэсэн хүлээлттэй байгаагаа хэлж, мөн хоёр улсын төрийн тэргүүн нарын шууд яриа хэлэлцээг зохион байгуулах бэлтгэл ажлыг эхлүүлэх шаардлагатай байгааг онцолсон хэдий ч одоогоор Путин, Зеленский нарын уулзалт явагдах ямар нэгэн шинж тэмдэг, ахиц дэвшил гарахгүй байгаа билээ.

Даваа гарагт Литвийн нийслэл Вилньюс хотноо зохиогдсон чуулганд оролцсон Украины ерөнхийлөгч В.Зеленский “Оросын талаас дайныг өндөрлүүлэх ямар нэгэн дохио, шинж тэмдэг харагдахгүй байгаа тул бид батлан хамгаалах салбараа бэхжүүлэх нь чухал байна” гээд, ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авах замаар дарамт, шахалтаа нэмэгдүүлэхийг уриалжээ. Тэрээр мөн АНУ-ыг оролцуулаад “Их Долоо”-гийн түвшинд Оросын эсрэг хамтарсан хориг арга хэмжээ авах тал дээр ажиллах хэрэгтэй хэмээн нэмж хэлсэн байна.

Орос, Украины шууд яриа хэлэлцээг өөрийн нутаг дэвсгэр дээр зохион байгуулагч Турк улсын ерөнхийлөгч Р.Т.Эрдоан даваа гарагийн уулзалтыг “гайхалтай уулзалт” болсон гээд, Турк улс АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын хамт Орос, Украины удирдагчдын уулзалтыг зохион байгуулахын төлөө хичээж ажиллах болно гэжээ.

0/1000