Өнөөдөр БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт явагдаж байна. Орон нутгийн цагаар өглөөний 06:00 цагт санал авах байрууд нээгдсэн бөгөөд улсын хэмжээнд нийт 14 мянга гаруй санал авах байр ажиллаж байгаа ажээ.
Тус улсын цагдаагийн байгууллагаас сонгуулийн өдөр нийт 28,590 цагдаагийн албан хаагчийг дайчлан ажиллуулж, аюулгүй байдлыг ханган ажиллахаар болсноо даваа гарагт мэдэгджээ.

Энэ удаагийн сонгуульд нийт 5 нэр дэвшигч өрсөлдөж байгаа ч гол өрсөлдөөн эрх баригч “Ард түмний хүч” намын нэр дэвшигч Ким Мүн Сү болон сөрөг хүчний Ардчилсан намаас нэр дэвшигч И Жэ Мюн нарын хооронд болох ба сүүлд явагдсан судалгааны дүнгүүдээр Ардчилсан намын нэр дэвшигчийн рейтинг өндөр гарсан юм.

Тэд хоёул мөрийн хөтөлбөртөө дотоодын эдийн засгийн өсөлтийг нэн тэргүүнд чухалчилж, хиймэл оюун ухааны салбарыг хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх амлалтуудыг өгсөн байна. Аюулгүй байдлын асуудал дээр И Жэ Мюн “прагматик” дипломат бодлого явуулахаа амласан бол Ким Мүн Сү Умард Солонгосын цөмийн аюул заналхийллийн эсрэг хамгаалалтыг бий болгохоо онцолсон юм. Харин тэд БНСУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг богиносгохын тулд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тал дээр санал нэгдсэн ч хугацааны хувьд өөр саналтай байсан билээ.
Сонгуульд өрсөлдөж буй бусад нэр дэвшигчдийг танилцуулбал, Шинэ реформ намаас нэр дэвшигч И Жүн Сок, Ардчилсан хөдөлмөр намаас нэр дэвшигч Квон Ён Гук, бие даан нэр дэвшигч Сон Жин Хо нар өрсөлдөж байна. Анхлан 7 нэр дэвшигч бүртгүүлсэн ч хоёр нь нэрээ татсанаар ийнхүү 5 нэр дэвшигч өрсөлдөж байгаа юм.

БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль импичментээр огцорсон тус улсын Ерөнхийлөгч асан Юн Сук Ёл анх цэргийн онц байдал зарласнаас яг хагас жилийн дараа зохион байгуулагдаж байна. Тэрээр Ерөнхийлөгчийн 5 жилийн бүрэн эрхийн хугацааны 3 жилд нь ажиллаад импичментээр огцорсон билээ.
Өмнөд Солонгосын Сонгуулийн үндэсний хорооноос мэдээлснээр Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож, саналаа өгөх эрхтэй сонгуулийн насны нийт 44,3 сая иргэн байгаагаас өнгөрсөн долоо хоногт хоёр өдрийн хугацаанд явагдсан эрт санал хураалтад 15.4 сая иргэн оролцож, хэдийнээ саналаа өгсөн байна.
Мөн өнөөдрийн санал хураалт оройны 20:00 цагт хаагдаж, шууд санал тооллогыг эхлүүлэх бөгөөд лхагва гаргийн өглөөний 06:00 цагт санад тооллогыг дуусгаж, улмаар 07:00-09:00 цагийн хооронд Сонгуулийн үндэсний хороо хуралдаж, сонгуулийн саналыг албан ёсоор баталгаажуулах ажээ. Гэхдээ сонгуулийн санал тооллогын урьдчилсан дүнг мягмар гарагийн шөнө дунд зарлах төлөвтэй байна.
Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан нэр дэвшигч ямар нэгэн шилжилтийн хугацаагүйгээр шууд тангараг өргөж, албандаа орох бөгөөд сонгуулийн албан ёсны дүнг танилцуулснаас ердөө хэдхэн цагийн дараа тангараг өргөх ёслолыг Үндэсний Ассамблейд зохион байгуулах талаар эх сурвалжууд бичиж байна.