Төрийн ордонд улс төрийн оч маналзахтай зэрэгцэн Дулааны III цахилгаан станцад гал гарлаа. Ордонд бадамласан оч гал болон дүрэлзээд, Ерөнхий сайд огцров. Харин “ДЦС 3”-т гарсан гал Улаанбаатар хотын иргэдийн ирэх өвлийн өнгийг шийднэ. Станц бол улс төрөөс илүү том асуудал. Хотынхон ирэх өвөл гэрэлтэй, дулаан өвөлжих эсэх нь эргэлзээтэй боллоо. Онцгой байдлын 9 байгууллагыг сандаргасан энэ галыг 1 цаг гаруй нүдэж байж тархалтыг зогсоож, 3 цаг ажиллаж байж бүрэн унтраажээ.
1968 онд анх ашиглалтад оруулсан “ДЦС 3” төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн системийн 14.3%, Улаанбаатар хотын дулааны 31.1%, технологийн уурын 46.9%-ийг хангадаг. Энэ станцын дунд даралтын станцын үндсэн тоноглол болон барилга, байгууламжийг ашиглах хугацаа дууссан. ДЦС-ын зуух, турбингенераторууд өндөр параметртэй орчин (439-560 хэмийн халуун, 39-138 кгс/см2)-д 220 мянган цаг ажиллах нормтой. Ойролцоогоор 30 жил ажиллаад, ашиглах хугацаа нь дуусдаг гэсэн үг. Гэтэл манай улс 57 жил ажиллуулж байна.

III ДЦС-ын дунд даралтын зуухыг 1968-1975 онд барьж, 50 жил ашиглаж байгаа юм. 13 зуух, 9 турбингенератортой энэ станцын 9-р турбингенераторыг 2015 онд шинэчилжээ. 10 жилийн өмнө, хамгийн сүүлд шинэчилсэн 9-р турбингенератор нь өнгөрсөн шөнө шатчихлаа. 50х230 метр хэмжээтэй Өндөр даралтын цехийн 9 дүгээр турбингенератор, зүүн урд хана, дээвэр шатаж байсныг гал сөнөөгчид унтраав. Шинэчилсэн нь ингээд шатчихаж байгаа юм чинь шинэчлээгүй нь яах бол? Бүгд л хэзээ мөдгүй зогсоход бэлэн. Ажлаа мэддэг, “ааш”-ийг нь олдог ажилтнууд л яаж ийгээд ажиллуулсаар ирсэн ч хугацаа нь дууссан техник хэзээ зогсохыг тэд хэлж мэдэхгүй.
Тэгэхээр улаанбаатарчууд энэ өвөл лаа, шүдэнзээ эртхэн бэлтгэвэл онох дог. “Дэлхий сөнөнө” гэж сүлжээний бизнес эрхлэгчийг хэлэхэд итгэсэн юм чинь “ДЦС 3”-т гал гарчхаад байхад гэр худалдан авч, лаа, шүдэнз зэхэхэд юу нь болохгүй гэж. Магадлалын онолоор тооцсон ч лаа, шүдэнзтэй өвөлжих эрсдэл 50% шүү дээ.

Өвлийн оргил ачааллын үеэр дунд даралтын станц 20%-ийн нөөцтэй байх ёстой. Ямар нэг осол гарвал үүнийг ашиглана. Гэвч ийм нөөц үлдээлгүй, хүчин чадлыг нь тултал ажиллуулж байна. Энэхүү дунд даралтын станцын суурин дээр 250 МВт-ын хүчин чадалтай шинэ станц барихаар манай улс мөрөөдөөд удав. ОХУ-аас зээл авч, Дулааны III цахилгаан станцаа шинэчлэх гэж байна.
Гэвч зээл бүтээд, шинэ станц барьж эхэллээ ч дуусгахад 4.2 жил шаардлагатай гэсэн тооцоог 2021 онд хийжээ. Одоо аваагүй байгаа зээлийг хэзээ аваад, хэзээ ажил эхлэх юм, бүү мэд. 2027 оны хавар станцаа барьж эхэлнэ гэж өөдрөгөөр төсөөлөхөд л 2031 оны намраас наашгүй.
Одоо байгаа 48 МВт-ын дунд даралтын станцыг эхлээд буулгана. Уг станц 12 МВт-ын хүчин чадалтай 4 блокоос бүрддэг. Тэр үед уг станцыг орлох шинэ станц зайлшгүй хэрэгтэй. Цагт 48 МВт цахилгаан, 160 Гкал дулаан үйлдвэрлэж байсан станцыг ямар нэгэн эх үүсвэрээр орлуулахгүй бол Улаанбаатар хотын иргэдийн тал нь цахилгаан, дулаангүй болж, 100-аад үйлдвэр таг зогсоно. Үүнийг инженерүүд тооцсон ч “ДЦС 3”-ын 150 МВт-ын хүчин чадалтай өндөр даралтын станцын үндсэн барилгыг өргөтгөхөд 2 жил 7 сар зарцуулна.
Тэр болтол бид дүүрэг, хороогоороо ээлжлэн цахилгааны хязгаарлалтад орж, лааны гэрэлд тэмтчинэ. Гэр хорооллынхон ч яах вэ, лаа бариад, галаа түлээд болгох л байх. Орон сууцныхан л хэцүүднэ дээ. “ДЦС 2”-ынхоо дулааныг эмнэлэг, сургууль, цэцэрлэгүүдэд нийлүүлээд, айлуудад дулаан үлдэхгүй. Гэтэл бидний хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа юм.
Монголчууд 2024 онд 11.6 тэрбум кВт/ц цахилгаан хэрэглэжээ. 2023 оныхоос бид 5.9% их цахилгаан зарцуулсан байна. Өвлийн оргил ачаалал 1655 МВт-д хүрч, өмнөх оноос 1.2% хувиар өсөв. Цахилгаан станцууд хэзээ мөдгүй зогсоход бэлэн байхад бидний хэрэглэж байгаа цахилгаан улам нэмэгдсээр байна. Хэрэглэсэн цахилгааныхаа 75.3%-ийг манай улс өөрөө үйлдвэрлэж, 24.7%-ийг гадаадаас авчээ. Цахилгаан станцууд маань зогсоход, ОХУ-аас цахилгаан авч болох ч дулааныг хойд, урд аль ч хөршөөс авах боломжгүй. Халаалтгүй байр гэдэг чинь ногооны зоориноос ч долоон дор. Улаанбаатар хотоо орон сууцжуулж чадалгүй, эргээд эсгий хот болох нь дээ. Яана.