Их Британи улс өсөн нэмэгдэж буй “аюул заналхийлэл”-ийг сөрөн зогсоход чиглэсэн аюулгүй байдал, батлан хамгаалах салбарын стратеги төлөвлөгөөгөө танилцууллаа.
Их Британийн засгийн газар ойрын 10 жилд хэрэгжүүлэх батлан хамгаалах салбарын стратегиа даваа гарагт ил болгон, зарлан танилцуулсан байна.
Тус улсын ерөнхий сайд Кир Стармер өнгөрсөн оны 7-р сард засгийн газрын тэргүүнээр сонгогдсон даруйдаа эх орныхоо батлан хамгаалах, аюулгүй байдлын стратегийг дахин авч үзэж, шинэ стратегийг боловсруулах ажлыг гүйцэтгэсэн бөгөөд даваа гарагт төлөвлөгөөний дагуу авч хэрэгжүүлэх багц арга хэмжээг танилцуулжээ.
Тодруулбал, орчин үеийн цөмийн цэнэгт хошуу бүхий пуужингийн хөтөлбөр болон цөмийн хөдөлгүүртэй, цохилт үзүүлэх чадвартай 12 ширхэг шумбагч хөлөг онгоц үйлдвэрлэхэд зориулж 15 тэрбум фунт стерлинг буюу 20 тэрбум орчим ам.долларыг зарцуулахаар болсон байна.
Засгийн газраас мөн байлдааны хөлөг онгоц, шумбагч онгоц, бусад хөлөг онгоцуудыг багтаасан гибрид тэнгисийн цэргийн флотыг бий болгож, орон тооны цэргийн тоог нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Дээрх арга хэмжээнүүдийг ОХУ-аас ирэх “шууд бөгөөд өсөн нэмэгдэж буй аюул заналхийлэл”-ийг сөрөн зогсох зорилготой хэмээн тайлбарлажээ.
Ерөнхий сайд Кир Стармер хэлэхдээ, “Европт бид дайн, шинэ тутамд гарч ирж буй цөмийн эрсдэл, өдөр бүр гарах болсон кибер халдлагатай нүүр тулж байгаагаас гадна манай усан хил дэх Оросын түрэмгийлэл нэмэгдэж, агаарын орон зайд ч биднийг заналхийлж байна. Тиймээс Их Британи улс хүч чадлаар энх тайвныг тогтооход бэлэн гэдгийг харуулах нь аюул заналхийллийг таслан зогсоох хамгийн үр дүнтэй арга юм” гэжээ.
Харин сөрөг хүчний намууд дээрх хөтөлбөрийг хэрхэн санхүүжүүлэх нь тодорхойгүй байна хэмээн Засгийн газрыг шүүмжилж байгаа юм.