Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга асан, Төрийн соёрхолт, Гавьяат эмч П.Батчулууны өмгөөлөгч нарын гомдлыг Улсын дээд шүүх хүлээн авсан. Өнөөдөр 09:00 цагаас тус шүүхийн Эрүүгийн хэргийн танхим уг гомдлыг хянана. Түүний 5 өмгөөлөгчийн гаргасан гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дэх хэсэгт заасан хууль хэрэглээний зөрүүг арилгах, энэ хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн эсэхийг Ч.Хосбаяр, Д.Батбаатар, М.Пүрэвсүрэн, Б.Цогт, Б.Амарбаясгалан нарын шүүгч хянах юм. П.Батчулуунд холбогдох хэргийг хянах нь эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж УДШ үзсэн байна.
Төрийн соёрхолт, Гавьяат эмч П.Батчулууныг буруутгасан эрүүгийн хэрэгтэй холбогдуулан, цагдаа, прокурор, шүүх байгууллагын аль нь ч хөндлөнгийн шинжээчдээр дүгнэлт гаргуулалгүйгээр ялласан. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ч энэ асуудалд хойрго хандсан. Тиймээс Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэг, Төрийн соёрхолт, Гавьяат эмч П.Батчулууны өмгөөлөгч нар Азийн эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгт хандан, П.Батчулуунтай холбогдох донорын үйл ажиллагаа болон эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаатай холбоотой асуудлуудаар дүгнэлт гаргаж өгөхийг хүссэн байна. Үүний дагуу П.Батчулууныг гэм буруутай эсэхийг Азийн эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэг олон улсын шинжээчдээр задлан шинжлүүлжээ.
Олон улсын шинжээчид “Бид энэхүү хэргийн эмнэлзүйн техникийн талуудыг нягтлан судласны үндсэн дээр хуурч мэхлэх, албадах шинж тэмдэг бүхий ямар нэг нотолгоо олсонгүй. Профессор П.Батчулууны үйл ажиллагаа нь түүний албан тушаал, үүрэгт бүрэн нийцэж байгаа бөгөөд Монгол Улсын болон олон улсын шилдэг туршлага, стандартуудаас гажсан аливаа үйлдэл илрээгүй, санаатай буруу үйлдэл гаргасан гэж үзэх үндэслэл алга байна” хэмээн дүгнэсэн юм. Уг дүгнэлтээ 5-р сарын 10-нд Монгол Улсын Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгт ирүүлжээ. Тус нийгэмлэг уг дүгнэлтийг УДШ-д хүргүүлсэн байна.
Олон улсын шинжээчдийн дүгнэлт:
- Донор болох зөвшөөрлийн хууль зүйн хүчинтэй байдал: Бидний ойлгож байгаагаар 2 өөр зөвшөөрлийн хуудас байгаа бөгөөд баримт бичиг тус бүр гарын үсгээр баталгаажсан байна. Эхний зөвшөөрөлд ЭЭЭШСҮАЗА-ны дарга П.Батчулуун, тус албаны мэргэжилтэн Э.Б. мөн ар гэрийн 3 гишүүн гарын үсэг зурсан. Хоёр дахь зөвшөөрөл нь эрхтэн авах ажиллагаа эхэлсний дараагаас ГССҮТ-ийн эмч нарын шаардлагаар авсан бөгөөд энэ нь олон улсын жишгээр хууль зүйн хүчинтэй баримт бичигт тооцогдохгүй.
- Ёс зүй болон журмын дагуу зөвшөөрөл авах ажиллагаа: Эхний зөвшөөрлийн хуудас нь олон улсын стандартын дагуу бичгээр үйлдэж, гарын үсгээр баталгаажсан, журмын дагуу авсан маягт юм. Энэ маягтыг ар гэрийн гишүүдэд мэдээлэл өгөх, асуух, татгалзах боломжоор хангаж, яамны журам, зааврын дагуу бүрдүүлсэн байна.
- Зөвшөөрлийн хамрах хүрээ тодорхой байв. Гарын үсэгтэй маягтад бөөр, элэг, шөрмөс авахыг зөвшөөрсөн нь тодорхой тусгагдсан. Өнгөрсөн хугацаанд ЭЭЭШСҮАЗА-ны нэгтгэсэн мэдээллээр донорын ар гэрээс эд, эрхтэн хандивлах зөвшөөрөл авах үед 54.9% нь шөрмөс хандивлахаас татгалзсан тоо баримт байгаа нь ар гэрийнхнийг албадаагүй, тодорхой сонголт хийх боломжийг өгдөг нь харагдаж байна.
- Цөсний хүүдийг элэгтэй хамт авах: Цөс, цөсний хүүдий нь элэгний үндсэн үйл ажиллагааны нэг хэсэг бөгөөд цөсний урсгалыг зохицуулах үүрэгтэй байдаг. Элэгнээс ялгарч байгаа цөс нь модны мөчир мэт салаалсан судаснуудаар дамжин, цөсний хүүдийд хадгалагддаг. Цөс, цөсний хүүдий нь анатомийн хувьд элэгнээс салангид авч үзэх боломжгүй эрхтэн. Олон улсын практикт элэгний донорын үед салангид зөвшөөрөл авах шаардлагагүй буюу цөсийг авахын тулд тусгай зөвшөөрөл шаарддаггүй. Австрали, Солонгос, Испани, АНУ зэрэг улсын эрхтэн шилжүүлэн суулгах зааварт ийм агуулгаар тусгасан байдаг.
- Шөрмөсийг ястай хамт авах: Шөрмөсний үйл ажиллагааг хадгалах зорилгоор холбогдох ястай нь хамт авч болдог нь стандарт мэс заслын арга юм. Энэ нь ямар нэгэн далд ажиллагаа бус анагаах ухааны дагуу хийгддэг хэвийн ажиллагаа юм.
- Харилцааны хүндрэлүүд: Зөвшөөрлийн маягтад бүх гарын үсэг байгаа нь хууль зүйн хувьд хүчинтэй атал ар гэрийнхэн нь мэс заслын үр дагаврыг бүрэн ойлгоогүй нь илт байна. Энэ нь олон улсад ч байнга тохиолддог асуудал бөгөөд олон нийтэд тархины үхэл болон эрхтэн шилжүүлэн суулгах ойлголтыг сайжруулах шаардлагатайг харуулж байна. Иймд бусад орны туршлага дээр суурилан, тус улсын Засгийн газраас харилцааны протоколыг сайжруулах нь зайлшгүй шаардлагатай.
- Нууцлах, хувийн ашиг хонжоо олох санаа байгаагүй. Бид П.Батчулууныг санаатайгаар мэдээллийг нууцалсан буюу хувийн ашиг сонирхол агуулсан үйлдэл хийгээгүй гэж үзэж байна. Тэрээр донорын ар гэрийнхэнд буруу ойлголт өгсөндөө харамсаж, Монголд тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг хамгаалахын тулд хувийн хариуцлага хүлээж байгаагаа илэрхийлсэн байна гэж үзэж байна.
- Санхүүгийн ямар ч ашиг хүртээгүй. Профессор П.Батчулуун уг эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаанаас санхүүгийн ямар ч ашиг хүртээгүй. Олон улсын практикт төрийн байгууллагын харьяалалтай байхаас үл хамааран, эмч, эмнэлгийн мэргэжилтэн нь хүний амь нас аврах зорилгоор, мөнгөн шан харамжгүй, албадлагагүй нөхцөлд эрхтэн шилжүүлэн суулгах үед хийсэн үйлдэлдээ эрүүгийн хариуцлагад татагдсан тохиолдол байхгүй.
- Улсын журам, удирдамжийн дагуу үйл ажиллагаа явуулсан. Бидний ойлгож байгаагаар П.Батчулуун яамны албан ёсны журам, удирдамжийн дагуу үйл ажиллагаа явуулсан. Энэ нь улсын хяналт дор хэрэгжсэн. Олон улсын жишигт ч мөн төрийн байгууллагын удирдлагын дагуу ажиллаж буй албан хаагчид ял хүлээлгэхгүй байх зарчим үйлчилдэг.
П.Батчулууны 5 өмгөөлөгч өнөөдрийн шүүх хуралд оролцоно. Анхан шатны шүүх өөрийг нь гэм буруутай гэж үзэх хүртэл П.Батчулуун өмгөөлөгчгүй байсан юм. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх түүнд 2.6 жил хорих ял оноосон. Үүний дараа П.Батчулуун эмчийн ар гэрийнхэн, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах багийнхан ярилцаж байгаад,Э.Ганбатыг өмгөөлөгчөөр авсан байдаг. Түүний өмгөөллийн хөлсийг П.Батчулуун эмчийн ар гэрийнхэн, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах багийнхан нийлж гаргажээ. Ийн өмгөөлөгчтэй болсон ч нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх ялыг нь хэвээр нь үлдээсэн юм. Үүний дараа өмгөөлөгч Б.Баяраа, Г.Оюунцэцэг, Б.Цэнгүүн, Н.Ариунболд нар сайн дураараа П.Батчулуун эмчийг өмгөөлж эхэлжээ.
2025-06-04 00:15:29
Монгол Улсын шүүх гадаадын аль улсын дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэхгүй л бхаа даа.Эсхүл мөрдөгч прокурор шүүх тэдгээрийг шинжээчээр зөвшөөрч томилсон тогтоолтой бх ёстой.Өөр аргазамаар Батчулуунэмчийг ялаас чөлөөлж аваач ээ.Өвчний учир ч юм уу