Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга асан, Төрийн соёрхолт, Гавьяат эмч П.Батчулууны өмгөөлөгч нарын гомдлыг Улсын дээд шүүх хүлээн авч, өнөөдөр 09:00 цагаас тус шүүхийн Эрүүгийн хэргийн танхим уг гомдлыг хяналаа. Яг одоо шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байна.
Түүний 5 өмгөөлөгчийн гаргасан гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дэх хэсэгт заасан хууль хэрэглээний зөрүүг арилгах, энэ хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн эсэхийг Ч.Хосбаяр, Д.Батбаатар, М.Пүрэвсүрэн, Б.Цогт, Б.Амарбаясгалан нарын шүүгч хянаж байгаа юм. П.Батчулуунд холбогдох хэргийг хянах нь эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж УДШ үзэж, өмгөөлөгч нарын гомдлыг хүлээж авсан юм.