Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга асан, Төрийн соёрхолт, Гавьяат эмч П.Батчулууны өмгөөлөгч нарын гомдлыг Улсын дээд шүүх хүлээн авч, өнөөдөр 09:00 цагаас тус шүүхийн Эрүүгийн хэргийн танхим уг гомдлыг хяналаа.
Анхан шатны шүүх түүнийг Эрүүгийн хуулийн 15.3.2-т заасан “Хууран мэхэлж, хүний эд эрхтнийг авсан” гэм буруутай гэж үзэн, 2.6 жил нээлттэй хорих ангид хорих ял оноосон. Үүнийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн. Тэгвэл Улсын дээд шүүх энэ ялыг хүчингүй болгож, түүнд холбогдуулсан хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн, П.Батчулуун эмчийг цагаатгалаа.
Түүний 5 өмгөөлөгчийн гаргасан гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дэх хэсэгт заасан хууль хэрэглээний зөрүүг арилгах, энэ хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн эсэхийг Ч.Хосбаяр, Д.Батбаатар, М.Пүрэвсүрэн, Б.Цогт, Б.Амарбаясгалан нарын шүүгч хянав. П.Батчулуунд холбогдох хэргийг хянах нь эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж УДШ үзэж, өмгөөлөгч нарын гомдлыг хүлээж авч, өнөөдөр хянан хэлэлцсэн юм.
Шүүгч Ч.Хосбаяр:
-Зөвшөөрлийг бичгээр авна. Гэмт хэргийн сэдэл гэж юу вэ? Шүүгдэгч П.Батчулууны хувьд ийм нөхцөл байдал байхгүй байна. Эрүүл мэндийн сайдын тогтоосон журам хангалтгүй байдаг юм байна. П.Батчулууны энэ үйлдэл нь Зөрчлийн хуулийн 6.10.5-д заасан зөрчлийн шинжтэй гэж үзнэ. Сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэх нь нээлттэй.