horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

И Жэ Мюн Ерөнхийлөгчийн тангараг өргөж, үүрэгт албандаа орлоо

post-img

БНСУ-ын 14 дэх Ерөнхийлөгчөөр сонгогдсон И Жэ Мюн орон нутгийн цагаар лхагва гаргийн 11 цагт тангараг өргөж, үүрэгт албандаа орлоо. Түүний тангараг өргөх ёслолын арга хэмжээ Үндэсний Ассамблей буюу Өмнөд Солонгосын парламентын ордонд маш цомхон хэмжээнд зохион байгуулагдав.Тодруулбал, И Жэ Мюны тангараг өргөх ёслолд төр засгийн удирдлагууд, кабинетын болон парламентын гишүүд оролцсон бол гадаад улс орны төлөөлөл уригдаагүй байна. Тэрээр тангараг өргөх ёслолын арга хэмжээний үеэр ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ төрийн тэргүүний хувьд өнгөрсөн хагас жилийн хугацаанд болж өнгөрсөн үйл явдлаас үүдэн үзэл бодлын зөрчлийн улмаас гүн гүнзгий хуваагдсан улс үндэстнээ нэгтгэж, дотоодын эдийн засгийг сэргээн эрчимжүүлж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх зорилгоор зах зээлд суурилсан бодитой бодлогыг хэрэгжүүлж, хиймэл оюун ухаан, хагас дамжуулагч гэх зэрэг орчин үеийн өндөр технологийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, үндэсний ашиг сонирхолд суурилсан прагматик дипломат бодлого баримтлах амлалтыг өглөө.

Түүнчлэн тэрээр Өмнөд Солонгос, АНУ-ын холбоотон түншийн харилцааны суурин дээр БНСУ-АНУ-Япон гурван улсын хамтын ажиллагааг бэхжүүлж, Умард Солонгосын аюул заналхийллийн эсрэг хатуу арга хэмжээ авах шаардлагатайг онцлон тэмдэглэхийн зэрэгцээ БНАСАУ-тай яриа хэлэлцээгээ сэргээх үүд хаалгыг мөн нээлттэй үлдээж байгааг мэдэгдлээ.“Та бүхэн энэ удаагийн сонгуульд хэний төлөө саналаа өгсөн байхаас үл хамаараад миний бие Ерөнхийлөгчийн хувиар улс үндэстнийхээ иргэн нэг бүрийн төлөө үйлчилж, ажиллах болно” хэмээн И Жэ Мюн хэлсэн байна. И Жэ Мюны хувьд ямар нэгэн төрийн эрх мэдлийг шилжүүлэн авах хугацаагүйгээр ийнхүү шууд албандаа орж байгаа бөгөөд энэ нь өмнөх Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг импичментээр огцруулснаас хойш БНСУ төрийн тэргүүнгүй удаж байгаатай зарим нэг талаараа холбоотой юм.

Хэдийгээр өнөөдөр ийнхүү түүний тангараг өргөх ёслол цомхон хүрээнд зохион байгуулагдсан ч ирэх сарын 17-ны өдөр тохиож буй Өмнөд Солонгос улсын Үндсэн хуулийн өдөртэй давхцуулан түүнийг албан ёсоор төрийн тэргүүнээр томилох ёслолын арга хэмжээг зохион байгуулахаар болсныг БНСУ-ын ерөнхийлөгчийн албанаас мэдэгдээд байна. Дээрх ёслолын арга хэмжээг “Томилгооны ёслол” хэмээн нэрлэсэн нь И Жэ Мюны “Ард түмэн Ерөнхийлөгчийг томилдог” гэж үздэг итгэл үнэмшилтэй холбоотой ба Үндсэн хуулийн өдөртэй давхцуулдаг нь түүний “Үндсэн хуулийн дэг журмыг тууштай сахин хамгаалах” амлалтаа онцолж байгааг илтгэж байгаа талаар мэдэгдэлд дурджээ.

0/1000