Нидерланд улсын үндэсний музейд гарч буй “Safe Sex?” буюу “Аюулгүй секс?” хэмээх үзэсгэлэнгийн үзмэрүүдийн дунд 200 орчим жилийн өмнөх сайтар хадгалагдсан бэлгэвчийг дэлгэн танилцуулжээ.Энэ долоо хоногийн мягмар гарагт нээгдсэн тус үзэсгэлэн нь секс болон урлагийг хослуулсан үзмэрүүдээс бүрдэж байгаа бөгөөд 200 орчим жилийн настай, сайтар хадгалагдан үлдсэн тэрхүү бэлгэвчийг дээр нь зурсан эротик зургийн хамтаар танилцуулаад байна.

Амстердам хот дахь Рейкс музейн зүгээс гаргасан мэдэгдэлд дээрх бэлгэвчийг 1830-аад оны үед хонины олгойгоор хийж байсан хэмээн үздэгийг дурьдаж, “бэлгийн эрүүл мэндийн тааламжтай болон чухал хоёр талыг нэгэн үзмэрээр харуулж байна” хэмээн онцолжээ.“Safe Sex?” үзэсгэлэнд энэ мэтчилэн секс хэмээн үндсэн сэдэвтэй холбогдолтой 19 дүгээр зууны үеийн үзмэрүүд багтаад байна.Тус үзэсгэлэн Рейкс музейд 11-р сарыг дуустал гарах юм байна.