horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

“Могойн гол” яагаад модоо барив?

post-img

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумаас 20 км-т нүүрс олборлодог “Могойн гол” ХК-ийн 17 тэрбум 813 сая төгрөгийн өрийн асуудлыг тус аймгийн ИТХ энэ сарын 2, 3-нд хэлэлцээд, уг асуудлыг шалган шийдвэрлэх ажлын хэсэг байгууллаа. “Могойн гол” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүд, хувьцаа эзэмшигчдийг иргэдийн төлөөлөгчид өчигдөр хуралдаа оролцуулж, саналыг нь сонслоо.

Хувьцаа эзэмшигч Н.Батдорж “Санхүүгийн асуудал зөвхөн 2023, 2024 онд үүссэн юм биш. 2020 оноос эхлэн санхүү хүндэрч эхэлсэн. 2021 онд коксжих нүүрс гарснаар санхүүгийн нөхцөл байдал арай гайгүй болсон” гэж иргэдийн төлөөлөгчдөд мэдээллээ.

Могойн голын уурхай эрчим хүчний, коксжих гэсэн 2 янзын нүүрстэй. Эрчим хүчний 1 тн нүүрсээ 75 мянган төгрөгөөр олборлоод, 42.500 төгрөгөөр харилцагчдадаа худалддаг аж. Үүн дундаас 32.500 төгрөгийн алдагдал хүлээж байна. Өмнө нь тус компани жилд олборлох нүүрснийхээ 60-70%-ийг коксжих, 30-40%-ийг эрчим хүчний нүүрс байлгаж, эрчим хүчний нүүрснээс үүсэж буй алдагдлаа нөхдөг байжээ. 2023.06.30-наас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг мөрдөж эхэлснээр коксжих нүүрсээ уурхайн аман дээрээс зарах боломжгүй болж, заавал тендер зарлан, худалдан авагчтай гэрээ байгуулах ёстой болсон байна.

Үүнтэй холбоотойгоор тус компани коксжих нүүрс олборлож чадахаа больж, 2024 онд эрчим хүчний 82 мянган тн нүүрс олборлон, 3 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж, орлого нь 23.41%-иар буурч, 6.7 тэрбум төгрөгийн орлого олсон аж. Орлого ийн буурсны улмаас 991.6 сая төгрөгийн алдагдалтай ажиллажээ. “Могойн гол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Баттогтохын ИТХ-д өгсөн мэдээллээс үзвэл  тус компанийн уулын ажил зогссон, яаралтай хөрс хуулан, нүүрсээ олборлож эхлэх шаардлагатай аж. 250 мянган тн хөрс хуулвал 70-80 мянган тн нүүрс олборлоно гэж тус уурхайн маркшейдэр, инженерүүд тооцжээ. 7-р сард ийм хэмжээний нүүрс олборлож чадвал өрөө дарж, санхүүгийн хүндрэлээс гарах боломжтой гэнэ. Нүүрсээ зарах зах зээл бэлэн байгаа аж.

Өөр эх сурвалжийн мэдээллээр бол тус компани 17.8 тэрбум төгрөгийн өрөө дарахын тулд 185 мянга орчим коксжих нүүрс гаргаж зарах хэрэгтэй гэсэн тооцоо гарчээ. Гэвч хөрс хуулах, тэсэлгээ хийх материал тус компанид байхгүй юм байна.

“Могойн гол” ХК-ийг ажиллагсдынхаа тоог хэт нэмсэн гэж тус аймгийн ИТХ-ын зарим төлөөлөгч шүүмжиллээ. Тэгвэл орон тоогоо 2 дахин нэмсэн нь 2023 онд Хөдөлмөрийн хуульд оруулсан өөрчлөлттэй холбоотой гэнэ. Өмнө нь тус компани уурхайчдаа 10, 14 хоногоор ээлжлэн, 70-80 хүн ажиллуулж болдог байсан бол Хөдөлмөрийн хуулиас болоод, уурхайчдыг заавал 14 хоног ажиллуулах шаардлагатай болсон байна. Үүний улмаас 150-160 хүнийг 4 ээлжээр ажиллуулж байна. 

“Могойн гол” ХХК-ийн захирал асан Г.Батхүүгийн тайлбараас үзвэл “Могойн гол” ХК-д Орон нутгийн хөгжлийн сангаас дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэнэ. Тус компани нүүрсээ олборлоод эхэлбэл 17.8 тэрбум төгрөгийн өрөө төлөх боломжтой аж. Өнөө жил уурхайчид өөрсдийн нөөц боломжоороо тодорхой хэмжээний хөрс хуулж, нүүрсэндээ хүрэхэд ойртжээ. Үүнийг яаралтай гүйцээх санхүүгийн дэмжлэг хэрэгтэй гэнэ.

“Могойн гол” ХК орон нутагт ямар ч ашиггүй, нэмэр болдоггүй гэж ИТХ-ын үеэр шүүмжилсэн байна. Үүнд тэрээр “2025 онд Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас Хөвсгөл аймгийн Орон нутгийн хөгжлийн санд 20 тэрбум 848 сая төгрөг шилжүүлсэн. Үүний дийлэнх нь “Могойн гол”-ын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр юм. Үүнээс аймгийн ИТХ Цэцэрлэг суманд 2.5 тэрбум төгрөг шилжүүлсэн. Энэ уурхайн өгөөж орон нутагт ингэж ирж байгаа юм. Сүүлийн 2 жил дараалан орон нутаг энэ уурхайн өгөөжийг хүртэж байгаа” гэж тайлбарлав.

“Могойн гол” бол Монголын хөрөнгийн биржээр хувьцаагаа арилждаг, орон нутгийн өмч давамгайлсан цөөн компанийн нэг. 2025.01.03-ны байдлаар нийт 928 хувьцаа эзэмшигчтэй. Үүний 3 нь нөлөө бүхий том хувьцаа эзэмшигч. Уг компанийн 51%-ийг Хөвсгөл аймгийн ЗДТГ эзэмшдэг. 16.33%-ийг иргэн Ж.Батболд, 15%-ийг “Транс нефть” ХХК, 0.3%-ийг гадаадын иргэд, 17.37%-ийг дотоодын иргэд эзэмшдэг.

Тус компани 2021 онд 700 сая төгрөгийн ашигтай ажиллаж, 2022 онд цэвэр ашгаасаа нийт 497.773.200 төгрөг буюу нэгж хувьцаанд 600 төгрөгийн ноогдол ашиг хувьцаа эзэмшигчдэдээ тараажээ. 2022 онд коксжих 120 мянган тн, эрчим хүчний 30 мянган тн нүүрс олборлон, 130.3 мянган тн нүүрс борлуулж, 1.2 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. 2023 онд 665.1 сая төгрөг болж, ашиг нь буурчээ. 

“Могойн гол” ХК гадаадын хөрөнгө оруулалт татах гэхээр орон нутгийн өмчийн оролцоотой гэдэг өмчийн хэлбэр нь саад болдог гэнэ. 51%-ийг нь орон нутаг эзэмшдэг тул гадаадын хөрөнгө оруулагчидтай шууд гэрээ байгуулж болохгүй, тендер зарлах шаардлага үүсдэг юм байна.  

0/1000