horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

“Эй Эл Жи Ти” ХХК-ийн тээвэрлэлтийг түр зогсоолоо

post-img

Увс аймгийн Наранбулаг сумын Харганатын төмрийн уурхайгаас Ховд аймгийн Булган сумын Булган боомт хүртэл төмрийн хүдэр тээвэрлэж буй “Эй Эл Жи Ти” ХХК-ийн тээвэрлэлтийг Зам, тээврийн яам түр хугацаагаар зогсоолоо. Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргын баталсан А/120 дугаар тушаал, зам, тээврийн салбарын улсын ерөнхий байцаагчийн 04/30 дугаартай хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу Зам. тээврийн яамны Салбарын хяналтын газрын ахлах шинжээч, авто замын хяналтын улсын ахлах байцаагч Ш.Гэрэлт-Одоор ахлуулсан ажлын хэсэг Увс аймгийн Наранбулаг сумын нутаг дахь Харганатын төмрийн хүдрийн уурхайгаас Ховд аймгийн Мянгад сумаар дайрч, Булган сумын Цоохор нуур хүртэл төмрийн хүдэр тээвэрлэж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хянан шалгажээ. Хяналт шалгалтыг өнгөрсөн 5 дугаар сарын 13-16-ны өдөр Төрийн хяналт шалгалтын тухай, Авто замын тухай, Авто тээврийн тухай хуулиуд, тэдгээртэй нийцүүлэн гаргасан холбогдох хууль тогтоомж, журам, дүрэм, стандартын дагуу хийсэн байна.

Уг шалгалтаар “Эй Эл Жи Ти” ХХК-ийн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал хангалтгүй, Ховд аймгийн Мянгад сум, Булган сумын Цоохор нуур хүртэл олон улс, улсын чанартай авто замд их хэмжээний эвдрэл үүсэж, авто тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй болсон, эвдрэл гэмтлээс болж хүний амь нас, эрүүл мэндэд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулах нөхцөл бүрдсэн зэрэг зөрчил илэрчээ.

Иймд улсын ахлах байцаагчийн актаар тус компанийн төмрийн хүдэр тээвэрлэх үйл ажиллагааг 5 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн түр зогсоож, илэрсэн зөрчлүүдийг арилгуулахыг мэдэгджээ. Зөрчлөө арилгах, улсын чанартай авто замын хэвийн байдлыг хангах хүртэл ажлын хэсэг хяналт тавин ажиллаж буй аж.

0/1000