Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг, нүдний эмч нарын санаачилгаар АНУ-ын “Virtue Foundation”-ийн шугамаар АНУ, Энэтхэг, Монголын хамтарсан 15 хүний бүрэлдэхүүнтэй нүдний эмч нарын баг Хөвсгөл аймагт 7 хоногийн хугацаатай ажиллаж байна. Эмч нарын баг 6 дугаар сарын 3-10-ны хооронд 1000 гаруй иргэнд нүдний нарийвчилсан үзлэг, оношилгоо хийж байна. Мөн болор суулгах, хялар засах, нүдний даралт бууруулах чиглэлээр 100 орчим хүнд мэс засал үнэ төлбөргүй хийхээр төлөвлөжээ.
Энэ үйл ажиллагааг доктор Charles Cole, Evan Afshin нар ахлан ажиллаж байгаа аж. Хөвсгөл аймгийн засаг дарга Л.Төмөрбаатар тэднийг хүлээн авч уулзан, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын үр дүнд 2026 онд “Virtue Foundation”-ийн Ерөнхийлөгчөөр ахлуулсан эмч нарын баг 8 сард дахин ирж ажиллахаар тохиролцож, мэдрэл, эрүү нүүр, чих, хамар хоолойн чиглэлээр орон нутгийн эмч нарыг чадавхжуулах, хагалгааг орон нутагтаа нутагшуулах чиглэлээр хамтран ажиллахаар болов.