Ирэх долоо хоногийн Баасан гариг буюу зургадугаар сарын 13-ны өдөр Баянхонгорын өмнөд хэсэг, Өмнөговь, Дорноговийн нутгаар өдөртөө +28-аас +30 хэм, 14-ний Бямба гаригт Дорноговийн нутгаар өдөртөө +32-өөс +34 градуст хүрч халахыг Ус цаг уур орчны газраас сэрэмжлүүллээ. Тухайлбал, Дорноговийн Хөвсгөл, Зүүнбаян, Улаанбадрах сумдын нутгаар +34+36 градус, Хатанбулаг, Замын-Үүд, Өргөн, Алтанширээ, Эрдэнэ сумдын нутаг, Сайншанд хот орчмоор +32-оос +34 градуст хүрч их халах төлөвтэй байгаа тул малчид, иргэд халалтаас сэргийлэхийг анхааруулж байна.
Түүнчлэн Замын-Үүдээс Сайншанд, Улаанбаатарын чиглэлд ачаа тээш тээвэрлэж буй ачааны автомашин ачаа тээвэрлэх явцдаа удаа дараа шатсан хэрэг явдал гарч байгаа тул шатдаг хий гэх мэт шатамхай бодисыг бусад ачаатай холилгүйгээр галын аюулгүй байдлын шаардлагыг сайтар хангасан нөхцөлд тээвэрлэх шаардлагатайг холбогдох албаны хүмүүсийн зүгээс анхаарууллаа.