Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe

Л.Оюун-Эрдэнийн орыг хэн залгамжлах вэ гэдэг нь анхаарал татсан гол сэдвүүдийн 1 болоод байна. Гэвч албан тушаалын марафон МАН доторх хагарлыг улам бүр нэмснээс үүдэлтэйгээр хэнийг дараагийн Ерөнхий сайд болгох шийдлээ эрх баригч нам тодруулж чадаагүй байгаа бололтой. Өнгөрсөн 7 хоногт зарлаж болох байсан МАН-ын бага хурлыг өнөөдөр хийхээр хойшлуулсан нь МАН доторх фракцууд санал нэгдээгүйтэй холбоотой болж таараад байна. Мэдээж нам дотроо нөлөөтэй фракцуудад Ерөнхий сайдад санал болгох нэр бүхий хүмүүс бий. Гол өрсөлдөөн үе хооронд буюу 70, 80-аад оныхны хооронд өрнөж байгаа тухай яриа чих дэлсээд байгаа юм. Тодруулбал 1970-аад оныхны төлөөллөөс УИХ-ын дарга асан Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Гомбожавын Занданшатар, Болдын Жавхлан, Сайнбуянгийн Амарсайхан, Баттөмөрийн Энхбаяр нарыг нэр дэвшүүлэх үү гэдэг таамаглал буй. Дээрх 4 эрхмийн 3 нь Ерөнхийлөгчийн талаас дэмжлэгтэй гэдгээрээ анхаарал татна. Ерөнхий сайдад МАН-аас нэр дэвшүүлэх хүн улс төрд мэргэшсэн, аль ч фракцуудад тал алдахааргүй нөлөөтэй, мөн эдийн засгийн мэдлэгтэй, сонгогчдын итгэлийг авч УИХ-д сонгогдсон хүн байх ёстой гэдэг шаардлага яригдаж байгаа юм. Харин 1970-аад оны төлөөллүүд дунд эдгээр шаардлагуудыг бүгдийг өөртөө шингээсэн лидер харагдахгүй байна. Гомбожавын Занданшатар эдийн засагч мэргэжилтэй, аль ч намуудад дайсангүй боловч УИХ-ын сонгуулийн босго давж чадаагүй гэдгээрээ Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх намын шалгуурыг хангахгүй байх магадлал бий. Харин Болдын Жавхлангийн хувьд эдийн засагч мэргэжилтэй, УИХ-ын гишүүн боловч нам доторх фракцуудад нөлөө багатай учраас мөн л дэмжигдэхгүй байж мэдэх юм. Сайнбуянгийн Амарсайханы хувьд УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн нөмөр нөөлөгтэй төдийгүй МАН-ын бага хурлын гишүүдийн талаас илүү хувийн дэмжлэгтэй ч гэж яригддаг. Харин эдийн засгийн мэдлэггүй бөгөөд олон нийтээс дэмжлэггүй улс төрч учраас С.Амарсайханаар Ерөнхий сайд хийлгэх магадлал тун бага гэж хэлж болно.

Харин Баттөмөрийн Энхбаярын хувьд Ерөнхийлөгчөөс өөр дэмжлэггүй шахам хувийн тоглолттой улс төрч төдийгүй эдийн засгийн мэдлэг байхгүй хуулийн хүн учраас МАН-ын бага хурлын гишүүдээс дэмжлэг авах найдлага бараг л байхгүй болж таарч байна.

Тэгвэл 1980-аад оныхны төлөөлөлд хэн хэнийг дэвшүүлэх магадлал байгааг таамаглая. Энэ үеийнхнээс дээрх шалгуурыг хангаж байгаа эрхмүүдэд Дашзэгвийн Амарбаясгалан, Ням-Осорын Учрал нар яригдаж байна.

80-аад оны фракцыг Л.Оюун-Эрдэнэ тэргүүлж өөрийн хүндээ Ерөнхий сайдын ажлыг даатгахыг оролдож байгаа нь нууц биш. Тэрээр өөрийн найз гэгдэг Дашзэгвийн Амарбаясгаланг 80-аад оныхноо төлөөлөн орыг нь залгаасай гэж хүсэж байгаа ч Д.Амарбаясгалангийн хувьд УИХ-ын даргын суудлаа Ерөнхий сайдын ганхсан албан тушаалаар солих магадлал бага болов уу. Харин Ерөнхийлөгчийн талаас дэмжлэгтэй Ням-Осорын Учралыг 80-аад оныхны төлөөлөл хэмээн зүтгүүлж мэдэх магадлал бий. Тэрээр УИХ-д мандаттайгаас гадна бизнесийн удирдлагаар мэргэшсэн болохоор МАН-аас тавьж байгаа 3 шалгуурын 2-ыг хангаж байгаа юм. Түүнчлэн МАН-ын дайсан бүлэглэлүүдтэй зоригтой тэмцэж мэдэх залуу насны эр зориг нь цухалздаг. Гэхдээ түүнийг Л.Оюун-Эрдэнийн фракц дэмжихгүй байх магадлал бий. Л.Оюун-Эрдэнийг гал тогоон дотроосоо унагах явуулгад Н.Учрал манлайлан оролцсон түгжил хэмээн хардагсад цөөнгүй байгаа нь түүнд дараагийн Ерөнхий сайд болох амбиц эхнээсээ байсан байж болох магадлалыг төрүүлж байгаа юм. Түүнийг УИХ-ын даргын фракц буюу 1980-аад оныхны фракц дэмжихгүй байх магадлал тун өндөр байна.

Мөн дур эзнээ голохгүй гэгчээр өөртөө намын даргын амбиц тээж яваа нөхөд ч цөөнгүй байгаа сураг бий. Тухайлбал УИХ-ын гишүүн Ганзоригийн Тэмүүлэнг зүтгүүлнэ гэдэг шивнээ цахим орчим цуурайтах болсныг олон нийт анзаарсан байх. Тэрээр ард түмнээс мандат авч сонгогдсоноос гадна эдийн засгийн чиглэлээр мэдлэгтэй. Гэхдээ Г.Тэмүүлэнд МАН дотроо битгий хэл улс төрийн бусад намуудаас ч дэмжлэг байхгүй. Ерөнхийдөө хувийн тоглолттой улс төрч учраас Ерөнхий сайд болох боломж бараг олдохгүй. Тэгээд ч өмнө нь сайд ч хийж үзээгүй түүнд МАН Ерөнхий сайдын итгэл хүлээлгэнэ гэдэг юу л бол.

Одоогийн байдлаар хэн Монголын төрийг удирдан жолоодох нь МАН дотроо ч тодорхой болоогүй байна.

Гэхдээ энэ шийдвэрийг удаах тусам 100 жилийн түүхтэй ах намын доторх хагарал улам газар авч томрох эрсдэл бий. Магадгүй ажлаа өгөх гэж байгаа зарим нэгэнд энэ нь ашигтай ч байж болох. Ямартай ч өнөөдөр 11.00 цагаас МАН-ын бага хуралдах тов бий. Одоо мэдэгдэж байгаагаар дараагийн Ерөнхий сайд МАН дотроо нэр нүүртэй мэргэшсэн улс төрч байхаас гадна “Их зөвшилцлийн” буюу Парламентад байгаа бүх намуудаас төлөөлөлтэй засгийн газар байгуулах үүрэг авах нь тодорхой байна.

- Шинэ
- Хандалттай