“Глоб Интернэшнл төв” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Б.Ононтой сэтгүүлчдийн аюулгүй байдлын талаар ярилцлаа.
—————————————————————————
-Өнөөдөр сэтгүүлчдийн аюулгүй байдал маш хүнд нөхцөлд байна. Өөрийгөө сэтгүүлч гэж хэлбэл хүмүүс тоосго авч шидэх хэмжээнд хүртэл аюултай нөхцөлд байгаа гэдэг үнэн үү?
-Ер нь бол тийм. Иргэд сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн байгууллагад итгэх итгэлтэй холбоотой асуудал хөндөгдөж байгаа юм. Тэгвэл яагаад сэтгүүлчдэд хэн ч итгэхгүй байна вэ. Энэ бол ерөөсөө сэтгүүлчид худалдагдсан, мөнгөтэй хүний талд ажилладаг гэх ийм хандлага, сэтгэхүй, харах өнцөг нийгэмд тогтсонтой холбоотой. Өөрөөр хэлбэл, сэтгүүлчид нийгэмд маш муу нэртэй болсон гэсэн үг. Тиймээс л сэтгүүлч гэдгээ зарлавал шууд тоосгодуулах хэмжээнд хүртэл аюултай нөхцөлд байгаа юм. Түүнчлэн сэтгүүлчдийн аюулгүй байдалд нөлөөлж байгаа олон субьект бий. Хамгийн их нөлөөлж буй субьект бол эрх мэдэл бүхий албан тушаалтнууд. Жишээ нь, сэтгүүлч төрийн өндөр албан тушаалтантай холбоотой мэдээлэл бэлтгээд нийтэд дэлгэхийнхээ өмнө заавал айдас мэдэрдэг. Өөрөөр хэлбэл, энэ мэдээллийг олон нийтэд мэдээлсний дараа надад ямар эрсдэл үүсэх боломжтой вэ гэж боддог. Ялангуяа миний хүүхэд, гэр бүлд ямар нэгэн зүйл тохиолдох вий гэж эмээдэг юм. Аль эсвэл миний хүүхдийг сэтгүүлч ээж, аавтай гээд гадуурхах нөхцөл байдал үүсэх вий гэх мэтчилэн айж, түгшдэг. Үүнээс улбаалаад эх сурвалжаа хүртэл аюултай байдалд оруулчих вий гэж санаа зовно.
-Сэтгүүлчдийн аюулгүй байдалд нөлөөлж буй өөр ямар зүйл байна вэ?
-Өөр олон бий. Хамгийн сонин нь эдгээр субьектэд сэтгүүлчид өөрсдөө хүртэл ордог. Өөрөөр хэлбэл, сэтгүүлчид санаатайгаар нэгнийгээ асуудалд оруулах тохиолдол байна. Мөн үймээн самуун, жагсаал цуглааны үеэр асуудал үүсвэл сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ гэдэг асуудал бий.
Ер нь үймээн самууны аюултай нөхцөл байдалд манай сэтгүүлчид бэлэн биш гэж би хувьдаа боддог. Жагсаал цуглаан, үймээн самууны үеэр сэтгүүлчдэд хүч хэрэглэх, камер хэрэгслийг нь хураах зүй бус явдал нэлээд гарсан. Сэтгүүлчид ч үүнийг хэлдэг, сошиалд хүртэл бичдэг. Тиймээс энэ асуудлыг хуулиараа зохицуулж, олон улсын жишигт нийцүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа. Сэтгүүлчдийн аюулгүй байдлын тухайд бас нэг асуудлыг хөндөх хэрэгтэй. Манай сэтгүүлчид хаанаас, хэзээ тоосго ороод ирэх бол гэсэн айдас, эргэлзээ, түгшүүр дунд ажил үүргээ гүйцэтгэж байна.
Сэтгэл зүйн хувьд аваад үзвэл энэ үнэхээр хэцүү нөхцөл байдал. Ерөөсөө сэтгүүлчид байнгын сэтгэл зүйн дарамттай ажил үүргээ гүйцэтгэдэг гэдгийг бүгд мэднэ шүү дээ. Харамсалтай нь үүнийг төдийлөн авч хэлэлцдэггүй. Бас чухалчилж ярьдаггүй.
Бидний хийсэн судалгаагаар арван сэтгүүлч тутмын ес нь ажил үүргээ гүйцэтгэхдээ айдас, түгшүүр мэдэрдэг гэсэн. Ийм ажиллах орчны дарамт тухайн сэтгүүлчийг дотроос нь иддэг. Сүүлдээ сэтгүүлчид өөрсдийгөө умартаж эхэлдэг. Миний үр хүүхэд, эх сурвалж, хамт олонд асуудал үүсэхгүй бол би яах вэ гэж боддог. Энэ бол үнэхээр аргаа барсан хүний бодол. Ер нь сэтгүүлчдийн сэтгэл зүйч гэж байвал илүү үр дүнтэй юм шиг санагддаг. Учир нь сэтгэл зүйн дарамт, стрессийн асуудлыг хуулийн зохицуулалт бүрэн дүүрэн шийдэж чадахгүй.
-Ямар шалтгааны улмаас сэтгүүлчид өнөөдөр нийгэмд муу нэртэй болсон бэ?
-Энэ бол урт хугацааны сэтгүүлчдийн өөрсдийнх нь бичсэн түүх. Хэвлэл мэдээллийн байгууллагын бүх хүчин зүйл болон өөрсдийнхөө тухай нийгэмд бүтээсэн имиж юм. Иргэд болон бусад субьектүүд сэтгүүлчдэд итгэхгүй байна. Болохгүй, бүтэхгүй бүх зүйлийн ард сэтгүүлчид байдаг гэх тогтсон сэтгэлгээтэй болсон. Манай судалгаанд “Танд өөр хэлэх зүйл байна уу?” гэсэн задгай асуултын хэсэг байдаг юм. Энэ асуултад ихэнх хүмүүс “Монголын бараг бүх сэтгүүлч худалдагдсан” гэж бичсэн байсан. Энэ бол маш аюултай. Энэ өгүүлбэрийг бичиж байгаа субьект сэтгүүлчдийг зөвхөн хар бараан өнгөөр харж байна шүү дээ. Бараг тэр сэтгүүлч ийм, ийм Улсын Их хурлын гишүүдтэй гэрээ хэлцэл хийсэн. Тэр гишүүн, эсвэл компани захирлаас санхүүждэг гэж ярих жишээтэй. Нүдэнд харагддаггүй хаалтын гэрээ хэрэгжээд явж байгаа. Тиймээс тэр гишүүний тухай тухайн сэтгүүлч сөрөг зүйл бичдэггүй гээд л хүмүүс ярьж эхэлдэг шүү дээ. Иймэрхүү үзэгдэл нийгэмд хэвшмэл болж байгаа. Энэ бүгдийн үр дүнд сэтгүүлчдийн нэр хүнд унасан. Мөн иргэдийн сэтгүүлчид хэвлэл мэдээллийн байгууллагад итгэх итгэл буурсан гэж үзэж байна.
-Барууны орнууд шиг сэтгүүл зүйн салбар, сэтгүүлчид нь нийгэмдээ нэр хүндтэй, аюулгүй нөхцөлд ажил үүргээ гүйцэтгэдэг болохын тулд бид юун дээр анхаарах ёстой вэ?
-Бид юун түрүүн эрх зүйн орчноо сайжруулах ёстой. Үүнийг бол шат шатны байгууллага гээд бүгд л ярьж байна. Харин хамгийн гол нь ил тод, шударга байдлыг манай сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн байгууллагууд эрхэмлэж, хэрэгжүүлж ажиллах хэрэгтэй. Сэтгүүл зүйн жинхэнэ мөн чанар юу вэ гэдгээ сэтгүүлчид өөрсдөө ойлгож, судалсны үндсэн дээр үүргээ гүйцэтгэх нь мэргэжлийн хандлага юм. Сэтгүүлчид үнэн бодитой мэдээллийг иргэдэд мэдээлэх үүрэгтэй шүү дээ. Үүнийгээ л баримталж ажилламаар байна. Яг үнэндээ сэтгүүл зүйн нийгэмд гүйцэтгэх ёстой үүргийг маш сайн мэддэг, түүнийхээ дагуу ажилладаг редакц, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид манайд олон бий. Гэтэл зоос хоёр талтай гэдэг шиг ёс зүйгүй, худал мэдээллийг олон нийтэд санаатайгаар мэдээлдэг, худалдагдсан сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага байдаг. Энэ мэт үзэгдэл нь өөрөө эргээд иргэдийн сэтгүүл зүйн салбарт итгэх итгэлийг бууруулах гол хүчин зүйл болж байгаа юм. Сэтгүүлчид бүх зүйл дээр дуугарах албагүй. Энэ нь сэтгүүлчийн ёс зүйн асуудалтай холбоотой асуудал. Тиймээс сэтгүүлч ёс зүйн хүрээндээ олон талын эх сурвалж, байр суурьтайгаар үнэн бодитой мэдээллийг бэлтгэн нийгэмд хүргэвэл иргэдийн итгэх итгэл нэмэгдэнэ.
Эх сурвалж: “Өдрийн сонин”
А.Даваадулам