Аялгуу сайхан монгол хэлээ нандигнан хайрлаж, цэвэр ариунаар хадгалж явах нь монголчууд бидний эрхэм үүрэг. Харамсалтай нь, өнөөдөр ялангуяа залуусын дунд монгол хэлээрээ зөв, цэгцтэй, утга найруулга төгөлдөр ярьж, бичих чадвар суларсаар байна. Энэ нь ерөнхий боловсролын сургуульд эх хэлний хичээл хангалттай үр дүнтэй явагдахгүй байгаагийн илрэл гэчихвэл хэтийдсэн болохгүй биз.
Найруулга зүйн дасгал дутмаг, уран зохиол унших цаг хомсоос гадна гадаад хэл, технологи хүчтэй нөлөөлсөөр байна. Тухайлбал, англи, солонгос зэрэг гадаад хэлний нөлөө ихэсч, холимог үг хэрэглэдэг болсон нь эх хэлний гажуудалд томоохон жин дарж буй. Жишээлбэл: “Чатлая”, “Аппаа татсан уу”, “Контентоо шэйрлэчих” гэх мэтчилэн эх сайхан хэлээ гадаад хэлтэй холивол хэлний дархлаа сулрах аюултай билээ.
Өнөөдөр нийгмийн сүлжээ ашиглахгүй монгол хүн гэж бараг байхгүй болсон. Гэвч нийгмийн сүлжээнд дүрмийн алдаатай, хэт товчилсон, доромж, бүдүүлэг үг хэллэг бүхий видео, бичлэгүүд түгээмэл болсон нь харамсалтай.
УИХ-ын гишүүдээсээ эхлээд хүний санаанд оромгүй үг хэллэгээр ярьж, өөр хоорондоо дайсагналцаж, бусдыг доромжилж байна. Нийгэмд нөлөө бүхий эрхмүүд, өөрсдийгөө инфлүүнсэр, көүч гэж өргөмжилсөн эрээвэр хураавар нөхөд ч элдэв хараал урсгаж, эх сайхан хэлийг минь гутаан доромжлоод зогсохгүй нийгмийн сүлжээ хэрэглэгч хүүхэд, залууст маш буруу үлгэр дуурайл үзүүлсээр байгааг анхаарах цаг болжээ.
Олон нийтийн сүлжээнд хэлний хэрэглээний хяналт, стандарт бий болгох шаардлагатай санагдана. Үүнээс өмнө эхлээд томчууд бид нийгмийн сүлжээнд зөв бичиж, монгол хэлээ цэвэр хэрэглэж, хүүхэд залуустаа үлгэрлэх нь юу юунаас чухал байна.
Монгол хэл бол бидний үнэт өв. Цахим орчинд ч гэсэн “Монгол хүн монгол хэлээрээ зөв ярьж, бодож бичих нь монгол соёлын суурь баталгаа болох юм.
Эх сурвалж: “Өдрийн сонин”
Д.Эрдэнэтуяа