horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Н.Анхбаяр: Ажлаа оромдож хийдэг учраас барилгын салбарынхан боломжоо алдаж байна

post-img

“Сэлбэ дэд төв”-ийн орон сууц барих тендерийг монгол компани шалгарах нөхцөлгүйгээр зарласан гэх асуудал үүсээд байгаа. Үүнийг барилгачид эсэргүүцэж, “каск”-тай суулт зарлаад буй. Үүсээд байгаа асуудалтай холбогдуулан иргэн Н.Анхбаяртай ярилцлаа.

-“Сэлбэ дэд төв”-ийн тендерийн шалгаруулалтад барилгын салбарынхан шүүмжлэлтэй хандаж байгаа. Монгол компаниуд тендерт оролцож чадахгүй байгаа шалтгааныг юу гэж бодож байна вэ?

-Манай улсад олз ашгийн төлөө амин хувиа боддог компаниуд олон бий. Харин эх оронч компани нь цөөн. Тендерт чадалтай нь л орно шүү дээ. Тэгэхээр найдвартай, хэлсэндээ хүрэх гадны компанийг олж ажиллуулах хэрэгтэй. Харин манай барилгын салбарынхан туслан гүйцэтгэгчээ хийгээд явна биз. Катеринг хийх гээд зөндөө боломж байгаа. Гэхдээ сайн компани байхыг үгүйсгэхгүй л дээ. Ер нь манай улсын барилгын к омпаниуд ихэнх нь чанаргүй, сэтгэлгүй, удаан гүйцэтгэлтэй, хулгай хийж, авлигаар барилгаа хүлээлгэж өгдөг. Найдваргүй, ажлаа албаар зогсоож царцаагаад, үнэтэй төсөв батлуулаад хамгийн хямдаар нь барьдаг. Чанаргүй барьдаг сургууль, цэцэрлэг нь эхнээсээ нураад эхэлсэн байна. Барилгуудынх нь хана нь хагарсан, суулт өгсөн байдаг. Яагаад гэвэл хямд төсөр материалаар барьчихдаг учраас эрүүл мэндэд хүртэл сөрөг нөлөөтэй. Энэ мэт ажлаа дандаа оромдож хийдэг. Үүнээс болоод барилгын салбарынхан боломжоо маш их алдаж байна.

-Барилгаа дутуу барьчихаад, орхиод явдаг асуудал бас үүсдэг шүү дээ?

-Зуны амралтаар алга болчихдог гээд хүмүүс ярьдаг. Гэтэл шалтгаан нь зундаа биш, мөнгөндөө байгаа юм. Удаан барьж, инфляцийг өсгөж цавчаа гаргаад мөнгө унагаж авдаг.

Манай дүү гэхэд Нарантуул захын хажууд гурван жилийн өмнө байр захиалсан, одоо болтол ашиглалтад ороогүй байна.

Харахаар барьж байгаа юм шиг л харагддаг. Бас Хангай хотхон, 100 айл, Дөлгөөн нуур хавиар яваад үзэх юм бол байр нь ашиглалтад орохгүй 2-5 жил хүлээсэн өчнөөн хүн байна. Тендерт орчихоод, барилгаа барьж эхлээд л мөнгө чинь хүрсэнгүй гээд төсвөөс мөнгө нэхээд дутуу орхичихдог гэсэн. Шалтаг тоочиж, жил ухрааж, санхүүжилт нэмж, барилгаа царцааж хаяж явахыг л тэр хүмүүс хамгийн сайн мэддэг байх. Ер нь барилгын компаниудын хэд нь сургууль, цэцэрлэгийн тендер авч царцаагаад, хэдэн зуун захиалагчдын мөнгийг авчихаад барилгыг нь хүлээлгэж өгөхгүй байгааг дэлгэж тавих хэрэгтэй.

-Энэ асуудлуудаас болоод орон сууцны үнэ өссөн байна уу?

-Орон сууцны үнэ ямар байгаа билээ. Тэнгэрт хадчихлаа шүү дээ. Дундаж цалинтай, энгийн иргэд орон сууц худалдаж авах ямар ч боломжгүй болчихсон. Барилгын салбар өмнөх 100 жилээ бодвол тодорхой хэмжээгээр хөгжсөн л дөө. Гэхдээ хариуцлагын тогтолцооноос эхлээд ухралттай зүйл байгаа. “ Сэлбэ дэд төв”-ийн тендертэй холбоотой барилгынхан өөрсдийгөө өмгөөлөх нь мэдээжийн хэрэг. Гэнэт л өөрсдийнх нь эрх ашиг хөндөгдөөд эхлэхээр дуугарч байна. Уг нь монголчуудаа дэмжээд, ажиллуулах нь дээр л дээ. Тийм болохоор барилгачдаа хариуцлагатай болгоод чадавхжуулмаар байна аа.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Г.Балгармаа

0/1000