Монгол ардын намын Удирдах зөвлөл, намын 7 дугаар бага хурал өнөөдөр хуралдаж, Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдад нэр дэвшигчийн нэрийг эцсийн байдлаар тодруулна. МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарыг дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшүүлжээ. Одоо бага хурлын гишүүдийн олонх дэмжвэл тэрээр УИХ-ын чуулганы босго давах учиртай.
Ерөнхий сайдын сунгаанд нэр дэвшигчид дунд тэрээр улстөрийн тогоонд бүрэн чанагдаж, болсон кандитат гэдэгтэй хэн ч маргахгүй. Тэрээр УИХ-д гурван удаа сонгогдож байсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын гал тогоог удирдаж байсан нэгэн. Мөн түүнчлэн Гадаад харилцааны сайд, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ-ын даргын албыг хашиж байсан баялаг түүхтэй улстөрч.
2016 оны УИХ-ын сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулж, 65 суудал авсан ч олонхын бүлэг хоёр жил гаруйн хугацаанд ил далд толхилцолж, хоёр хуваагдсан түүх бий. Тухайн үед УИХ-ын даргын албыг М.Энхболдоос авч, Г.Занданшатарт шилжүүлж байв. Г.Занданшатар намын Удирдах зөвлөл болон УИХ дахь намын бүлгийн 100 хувийн саналаар спикерийн суудалд очиж байсан нь саяхан. Тодруулж хэлбэл: Тэрээр У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын гал тогоог барьж байхдаа ийнхүү УИХ-ын даргын албан тушаалд очиж байсан бол өдгөө мөн л Ерөнхийлөгчийн Тамгын газрыг удирдаж байхдаа Монгол Улсын Ерөнхий сайдад нэр нь тодорч байгаа нь энэ юм. Өнгөрсөн сонгуулиар өвдөг шороодсон түүнд одоо ахиад өвдөг шороодох эрх бий юү. Намын нөхөд, парламентын хүчтэй сөрөг хүчин, Ерөнхийлөгч болон УИХ-ын даргын түлхүүрийг тааруулах ажил түүнд оногдох нь тодорхой болж байх шиг. Үүн дээр эдийн засгийн болон дэд бүтцийн салбарын асуудлууд чүдэнз зурахад л дэлбэрэхэд ойрхон, шийдлээ хүлээж байна.
Яг одоо МАН-ын бага хурал Тусгаар тогтнолын ордонд хуралдаж байна. Бага хурал 470 гаруй гишүүнтэй бөгөөд 60 гаруй хувийн ирцтэйгээр уг хурал эхэлжээ.
Ерөнхий сайдад нэр дэвшигч хэрвээ бага хурлаар орж дэмжлэг хүлээвэл УИХ-д өргөн мэдүүлнэ. Үндсэн хуульд зааснаар долдугаар сарын 3-ны өдөр гэхэд шинэ Засгийн газар байгуулагдсан байх ёстой. Эс бөгөөс Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ыг тараах эрхтэй.