horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Колумбын Ерөнхийлөгчөөр сонгогдож магадгүй байсан Мигель Урибе толгойд буудуулжээ

post-img

Колумб улсын Төрийн тэргүүнээр сонгогдож магадгүй байсан улстөрч, сенатч Мигель Урибе бямба гарагт нийслэл Богота хотноо зохиогдсон сурталчилгааны кампанит ажилд оролцож байхдаа толгойдоо буудуулан, эмнэлэгт хүргэгдсэн байна. Улс төрийн барууны үзэл баримтлал бүхий, өдгөө 39 настай улсөрч, сенатын гишүүн Мигель Урибе нь ирэх жил явагдах Колумб улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялах магадлал тун өндөр байсан юм.

Түүнийг аврахын тулд нийслэл Богота хотын Санта Фе эмнэлгийн эмч нар эхний ээлжинд маш хүнд тархины мэс заслыг амжилттай гүйцэтгэж чадсан боловч биеийн байдал нь маш хүнд байгаа талаар мэдэгджээ. М.Урибегийн эхнэр Мариа Клаудиа Таразона нөхрөө үхлийн эсрэг тэмцэж байгаа учраас нийт ард түмнийг түүний төлөө залбирахыг хүссэн байна.

Мигель Урибег буудсан хэрэг явдалтай холбогдуулан, цагдаа нар 15 настай сэжигтэнг хэргийн газраас баривчилсан талаар тус улсын Ерөнхий прокурорын алба мэдэгдсэн байна. Баривчлах үеэр сэжигтэн бэртэж гэмтсэн бөгөөд түүнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлсэн талаар хотын Цагдаагийн газрын дарга Карлос Фернандо Триана мэдэгджээ. Хэрэг гарах үеэр мөн өөр нэгэн эрэгтэй, эмэгтэй хоёр шархадсанаас гадна хэргийн газраас “Glock” загварын гар буу илрүүлэн хурааж авсан байна.

М.Урибегийн Төв ардчилал нам уг халдлагыг буруушааж, “Колумбын ардчилал, эрх чөлөөнд заналхийллээ” хэмээн мэдэгдсэн бол мөн АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио “Ардчилалд шууд заналхийлж байна” хэмээн ижил утгатай мэдэгдэл хийжээ.

Колумб улсын томоохон хотуудын төв гудамж, талбайд Мигель Урибег дэмжигчид олноороо цугларч, лаа асаан, түүнийг хурдан эдгэрэхийн төлөө залбирсан байна.

Сенатын гишүүнийг буудсан энэхүү халдлагын сэдэл, шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд Колумб улсын Батлан хамгаалахын сайд Педро Санчез уг хэргийн учрыг олохын тулд зэвсэгт хүчин, цагдаа, тагнуулын албыг “бүхий л чадлаар нь” дайчлан ажиллуулах болно хэмээн амлалаа. Мөн тэрээр хэргийн ард хэн байсан талаарх үнэн зөв мэдээлэл өгсөн хүнд 725 мянган ам.долларын мөнгөн шагнал амлаж байгаагаа зарласан байна.

Мигель Урибе нь Пабло Эскобарын тэргүүлж байсан хар тамхины Меделлин картелд хулгайлагдаж, амиа алдсан Колумбын нэрт сэтгүүлч Диана Турбайн хүү. Түүний өвөг эцэг болох Хулио Сезар Турбай 1978-1982 оны хооронд Колумб улсын Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан юм.

Өмнө нь нийслэл Богота хотын нарийн бичгийн дарга, зөвлөхөөр ажиллаж байсан М.Урибе 2022 оноос хойш Колумб улсын сенатын гишүүний албыг хашиж байгаа билээ.

0/1000