АНУ-ын Лос Анжелес хотноо үүсээд буй үймээн самуун, эмх замбараагүй байдлын улмаас тус хотын баруун хэсэгт Үндэсний гвардын цэргүүдийг Ерөнхийлөгч Д.Трампын тушаалын дагуу дайчлан гаргаж, нөхцөл байдлыг зохицуулахыг оролдож эхэлсэн байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт АНУ-ын Цагаачлал, гаалийн хяналтын алба Лос Анжелес хотод бичиг баримтгүй, хууль бусаар оршин суугаа цагаачдыг баривчлах томоохон хэмжээний тусгай ажиллагаа явуулсан. Энэ нь эсэргүүцлийн жагсаал, хөдөлгөөн өрнөхөд хүргэсэн бөгөөд зарим жагсагч гал тавих, чулуу шидэх, эд зүйл эвдэж сүйтгэх гэх зэрэг хүчирхийлэл үйлдэж эхэлснээр тус хотод үймээн самуун дэгджээ.
Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр 120 гаруй жагсагч бямба гаргийн оройноос эхлэн, Лос Анжелес хотын төвийн хэсгийн гудамж талбайд жагсаж эхэлсэн. Эрх баригчдын тавьсан шаардлагыг биелүүлээгүй гэсэн үндэслэлээр 11 жагсагчийг баривчилсан байна.

Ийнхүү Лос Анжелес хотод үүссэн эмх замбараагүй байдлыг зохицуулах үүднээс АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ням гарагт Калифорни муж дахь Үндэсний гвардын 2000 цэргийг тус хотод дайчлан илгээх тушаал өгч, иж бүрэн зэвсэглэсэн эхний ээлжийн 300 цэрэг мөн өдөр хотын төв хэсэгт ирж, хэв журмыг сахиулах ажилдаа орсон байна.
Энгийн үед Үндэсний гвард тухайн мужийн амбан захирагчийн тушаалаар хөдөлдөг боловч онцгой нөхцөл байдал үүссэн үед АНУ-ын төрийн тэргүүнд Үндэсний гвардыг дайчлах эрх мэдэл байдаг юм. Харин “Ассошэйтэд пресс” тэргүүтэй Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мужийн захирагч хүсэлт гаргаагүй байхад ингэж Үндэсний гвардын цэрэг хөдөлгөх нь хэвийн бус үйлдэл хэмээн бичиж байна.
Д.Трамп өөрийн нийгмийн сүлжээний хуудсандаа “Хэрэв Калифорни мужийн захирагч Гэвин Ньюскам, Лос Анжелес хотын дарга Карен Басс нар үүрэгт ажлаа хийж чадахгүй бол Холбооны засгийн газар тэдний өмнөөс ажлыг нь хийж, асуудлыг шийдвэрлэх болно” хэмээн бичжээ.
Харин Калифорни мужийн захирагч Гэвин Ньюскам Трампын эсрэг байр сууриа илэрхийлж, “Ерөнхийлөгчийн энэхүү үйлдэл нь үүсээд буй хурцадмал байдлыг улам гааруулах болно” хэмээн хэлсэн бол Лос Анжелес хотын дарга Карен Басс Үндэсний гвардын цэргүүдийг хотод дайчлан оруулж ирэх шаардлага байгаагүйг онцолсон байна.
Мөн Ардчилсан намын гишүүн бүхий АНУ-ын мужийн захирагч нар хамтарсан мэдэгдэл гаргаж, Калифорни мужийн захирагч Гэвин Ньюскамыг өмгөөлж, Трампыг “эрх мэдлээ аймшигтайгаар урвуулан ашиглалаа” хэмээн цохон тэмдэглэжээ.
АНУ-ын Цагаачлал, гаалийн хяналтын албанаас явуулж буй бичиг баримтгүй цагаачдыг баривчлах, албадан нутаг буцаах зэрэг арга хэмжээг урд хөрш болох Мексик улсын Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум шүүмжилсэн мэдэгдлийг ням гарагт хийсэн байна. Тэрээр “АНУ-д амьдарч байгаа мексикчүүд бол өөрсдийнхөө болон гэр бүлийнхээ сайн сайхны төлөө АНУ-ыг зорьсон сайн хүмүүс юм. Тэд гэмт хэрэгтэн биш! Тэд бол маш сайн хүмүүс!” гэжээ.