Монгол Улсын прокурорууд өнгөрсөн жил төрийн байгууллагуудын хүсэлтээр шүүхэд 81 нэхэмжлэл гаргаж, нийтэд учирсан 285 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ. Энэ оны 4-р сарын байдлаар нийтэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд 41 нэхэмжлэл гаргаад байна.
Төр, нийтийн ашиг сонирхлыг прокурорууд хамгаалахгүй бол хэн ч хамгаалалгүй орхигддог. Эрх бүхий албан тушаалтан албан тушаалаа урвуулан ашиглах, буруу шийдвэр гаргах, татвар төлөгч татвараас зайлсхийх зэргээр төр, нийтэд хохирол учруулдаг. Нийтийн эрх ашиг гэдэг нь 1 байгууллагын эрх ашиг биш. Тухайлбал: Хүүхдийн тоглоомын талбайд барилга барих нь нийтийн эрх ашгийг зөрчиж буй хэлбэр юм.
Үүний зэрэгцээ 2023 оноос эхлэн, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг прокурорууд нөхөн төлүүлдэг болжээ. Гэмт хэрэ,г зөрчлийн улмаас эрүүл мэндээрээ хохирсон хүнийг эмнэлэг шууд хүлээн авч, эмчилдэг. Уг эмчилгээний зардлыг эмнэлэг Эрүүл мэндийн даатгалын сангаас авдаг. Тэгвэл тухайн хүнийг хохироосон этгээд уг зардлыг ЭМДС-нд нөхөн төлөх үүрэгтэй. Гэвч ихэнх нь тэр дор нь төлдөггүй. Иймд прокурор тухайн этгээдийн хийсэн хэргийг хянах явцдаа тухайн этгээдээр ЭМДС-д учруулсан хохирлыг нь нөхөн төлүүлдэг болжээ.