Монгол ардын намын 7 дугаар бага хурал хуралдаж, Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдад Г.Занданшатарыг дэмжлээ. Тус намын Удирдах зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналыг авсан Г.Занданшатартай УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн заалнаас нэрээ дэвшүүлж өрсөлдсөн юм.
Австрали болон АНУ-д боловсрол эзэмшсэн МАН-ын чамбай лидерийн нэг бол яах аргагүй Г.Тэмүүлэн. УИХ-д 3 удаа сонгогдож, одоо УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргын алба хашиж буй түүнийг хөөсөрдөггүй, тулхтай улстөрч хэмээн олон нийт тодорхойлдог. Гэхдээ тэрээр энэ удаад бага хурлын гишүүдийн олонхын дэмжлэгийг хараахан авч чадсангүй.
Мөн заалнаас УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн нэрийг дэвшүүлсэн ч тэрээр нэр дэвшихээс татгалзаж, нэрээ татжээ. Өнгөрсөн сонгуулиар хангайн бүсэд өвдөг шороодсон Г.Занданшатар Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албыг хашиж байсан юм. Нам доторх 70-аад оны төлөөлөл, сүүлийн 30 орчим жил улстөрд идэвхтэй байсан түүнийг гүйцэтгэх засаглалд цэгцрэх хөдөлгөөнөө үргэлжлүүлж чадна хэмээн намынхан нь итгэл хүлээлгэсэн байна. Сүүлийн жилүүдэд аль нэг туйлын популист чиглэлд хэт хазайгаагүй, төрийн байгууллагын тогтолцоо, парламентын соёл, хөгжлийг төлөвшүүлэхэд манлайлж ирсэн улстөрч хэмээн Г.Занданшатарыг тодорхойлдог.
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1987 онд 10 жилийн 77-р дунд сургууль
1992 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын ардын аж ахуйн дээд сургуулийг санхүүч-эдийн засагч
2012 онд ОХУ-ын Байгалийн эдийн засаг, эрх зүйн улсын их сургууль
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1992-1995 онд Зах зээлийн коллеж (ХҮДС)-ийн Маркетинг бизнес судалгааны төвд судлаач, Санхүү, эдийн засгийн тэнхимд багш
1995-1998 онд Хөдөө аж ахуйн банкны эдийн засагч, Валютын хэлтсийн ажилтан, бүтцийн өөрчлөлтийн менежер, Валютын хэлтсийн захирал
1998-2000 онд Монголбанкны Сургалтын төвийн менежер, Хөдөө аж ахуйн банканд Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авах багийн гишүүн
2000-2003 онд Хаан банкны дэд захирал
2003-2004 онд Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд
2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2009-2012 онд Гадаад харилцааны сайд
2012-2013 онд МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга
2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, ардчилал, хуулийн засаглалын хүрээлэнд судлаач
2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2017-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
2019-2020 онд Монгол Улсын Их Хурлын дарга
2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын дарга
2024 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга