БНСУ-ын Сүн Чон Хян их сургуулийн Бүчон эмнэлэг 7 дахь жилдээ “Гадаад өвчтөнийг урьж, үнэгүй эмчлэх төсөл” хэрэгжүүлж байна. Уг төсөлд энэ жил Хэнтий аймгийн 3 сартай Н.Нямдорж хүүг хамруулахаар тус эмнэлэг сонгожээ. Уг хүү уруул, тагнайн эмгэгтэй төрсөн аж.
Түүний болон асран хамгаалагчийнх 2 талын нислэгийн тийз, БНСУ-д байх хугацааны байр, хоол, унаа зэрэг өдөр тутмын зардал, эмнэлгийн үзлэг, оношилгоо, эмчилгээний төлбөрийг Бүчон эмнэлэг даана. Үүний зэрэгцээ хүүг шинжилгээ хийлгэх явцад нь Сөүл хотоор аялуулах юм.
Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Б.Цогт-Орших эрүүл мэндийн аялал зуучлалын P&G байгууллагаар дамжуулан, Бүчон эмнэлгийн сайн үйлсийн төслийн талаарх мэдээллийг авч, аймгийнхаа Эрүүл мэндийн газартай хамтран, 2 хүүхдийн материалыг богино хугацаанд бүрдүүлэн илгээжээ. Ингээд Н.Нямдорж хүүг сонгосон тухай мэдээ ирсэн байна.
Одоо хүүгийн үлдсэн бичиг баримтыг асран хамгаалагчийн бичиг баримттай хамт Хэрлэн сумын ЗДТГ, 5 дугаар багаас сонгогдсон аймаг, сумын ТТХ-ын төлөөлөгчид бүрдүүлж буй аж.
2001 онд байгуулагдсан Бүчон эмнэлэг цочмог болон хүнд хэлбэрийн өвчнийг анагаах, их сургуулийн мэргэжлийн эмнэлэг юм байна.