Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe

Шинэ генератор 358 тэрбум төгрөг

Гадаадын инфлюнсер талбай дээр авчраад, бичлэг хийлгэх нь чухал уу? Түүнд өгөх мөнгөөрөө ДЦС-аа тордоод, дулаан өвөлжих нь чухал уу? Эрчим хүчний салбарынхан ингэж асууж байна. Хувь хүнийхээ хувьд би дулаан өвөлжихийг сонгож байна. Харин манай Л.Оюун-Эрдэнэ, Ч.Номин, Б.Бат-Эрдэнэ тэргүүтэн гадаадын нөлөөлөгч авчирч, хурга ишиг тэврүүлэн бичлэг хийлгэхийг чухалчилсан. Эрчим хүчний салбараа өөд татах мөнгөө өөр зүйлд үрж, хувааж цацсаар байтал “ДЦС 3”-т осол гарч, 1 турбингенератор шатчихлаа. Үүний горыг ирэх өвөл улаанбаатарчууд хамтдаа хүртэнэ. Тодорхой.

“ДЦС 3” 13 зуух, 9 турбин, 1100 ажиллагсадтай. Төвлөрсөн эрчим хүчний системийн 13%, Улаанбаатар хотын дулааны 32%, үйлдвэрийн уурын 47%-ийг хангадаг. Тус станц 2025-2026 оны өвөлд бэлтгэхээр төлөвлөн, 6-р сарын 1-2-нд шилжих шөнө генераторуудаа бүрэн зогсоожээ. Энэ явцад осол гарч, 9-р турбингенератор шатав. Уг галын улмаас тус станцын 1 инженежр газар дээрээ амиа алдаж, гал унтраах гэж яваад ээлжийн дарга, бусад ажилчин угаартжээ.

Шатсан генератор нь засвар авахааргүй болсон тул шинийг авахад 100 сая ам.доллар буюу 358 тэрбум төгрөг хэрэгтэй

Тус станц 198 МВт-ын хүчин чадалтай. Үүнээс 50 МВт-ын цахилгаан үйлдвэрлэдэг генератор шатаж, 50 МВт цахилгаан, 100 Гкал/цаг дулаан байхгүй боллоо. Энэ станц одоо 148 МВт-ынх болсон. Шатсан генератор нь засвар авахааргүй болсон тул шинийг авахаас өөр аргагүйд хүрч байна. Үүнд 100 сая ам.доллар буюу 358 тэрбум төгрөг хэрэгтэй. Эрх баригч МАН сандал суудлынхаа хэрүүлийг яаралтай дуусган, шинэ Засгийн газраа нэр даруй байгуулж, ажилд нь бушуу оруулах шаардлагатай байна. Шинэ генератор авах мөнгийг шинэ Засгийн газар яаралтай шийдэх ёстой.

Яах вэ? Шинэ Засгийн газар цаашаа харж уйлж, наашаа харж инээж байгаад 100 сая ам.доллар гаргаж өгөх нь тодорхой. “Үгүй” гэх эрх тэдэнд үгүй. Хойд хормойгоо аваад ч болов өгнө. Хамгийн гол нь ийм генератор суурилуулахад 24-36 сар болно. Инженер, техникийн ажилтнуудыг 24 цагаар 3 ээлжээр ажиллуулаад, хамгийн богинодоо 2 жил. Тэгэхээр ирэх өвөл Улаанбаатар хөлдөх нь тодорхой болж байгаа биз?

Хамгийн гол нь генератор суурилуулахад 24-36 сар болно

Хөлдүүс болох хорооллуудыг хотын дарга зарлачихсан. Хамгийн түрүүнд Хан-Уул дүүргийнхэн, хотын төвийнхөн хүйтэн гэртээ чичирнэ. Авдаг дулааны 15% байхгүй болно гэдэг бол булган дээлээ нийлэг куртикээр сольсонтой ажил болж, жиндэнэ гэсэн үг. Тийм ч их даарахгүй ч тэрүүхэндээ тух алдагдана. “Мишээл экспо”, Зайсан, Оргил, Удирдлагын академи, “Хүннү”, “Жапан таун”, 120 мянгат, 19 дүгээр хороолол, “Их тэнгэр”, Маршал, Баруун 4 замаас “Чингис” зочид буудал хүртэлх хэрэглэгчид өнгөрсөн өвөл гэртээ 20 хэмийн дулаан өвөлжсөн бол ирэх өвөл өрөөний температур хэмжигч 19 хэмээс дээш заахгүй.

Шатсан 9-р турбингенераторыг 2015 онд “Чингис” бондын 35 сая ам.доллароор шинэчилжээ. 10 жилийн өмнө, хамгийн сүүлд шинэчилсэн турбингенератор нь хуучнуудаасаа түрүүлж шатан, “ДЦС 3” 200 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байна. Эрчим хүчний салбар 2020 онд 88.1, 2021 онд 77.8, 2022 онд 187.3, 2023 онд 98, 2024 онд 161 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Өнөө жилээс алдагдалгүй ажиллаж, орлого зарлагаа тэнцүүлэх боломж олдох нь уу гэж горьдож байтал ийн 200 сая төгрөг нь 3 цагийн дотор шатчихлаа.

Засгийн газар огцрохтой зэрэгцэн энэ станцад гал гарсан нь ямар ч учиртай юм. Хэрвээ засаг Л.Оюун-Эрдэнийн нотолж чадаагүй орлогоос болж огцроогүй сэн бол “ДЦС 3”-т гарсан галаас болж огцрох магадлал өндөр. Ямар ч тохиолдолд яаж ч гүрийгээд, Л.Оюун-Эрдэнээс азын тэнгэр нүүрээ буруулжээ. Эрчим хүчний салбарыг элгээр нь хэвтүүлсэн, энэ салбарын бодлогыг талаар нэг тарааж хаясан, улстөрийн томилгоогоор салбарын бус намын хүмүүсийг уг салбарт дүүргэсэн, 200 саяын алдагдалд оруулсан, хүний амь эрсэдсэн гээд Б.Чойжилсүрэн, Л.Оюун-Эрдэнэ хоёр хөтлөлцөөд баалуулах байв.

Б.Чойжилсүрэн, Л.Оюун-Эрдэнэ хоёр хөтлөлцөөд баалуулах байв

ЗГ нэгэнт огцорсон хойно, осол гарсны дараа Б.Чойжилсүрэн, Г.Амартүвшин хоёр “ДЦС 3”-ыг өөрөөсөө түлхсэн юм. Харин эрчим хүчний салбарынхан энэ осолд Ерөнхий сайд, Эрчим хүчний сайд нар уучлал гуйж, ёсзүйн хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна. Гэвч Б.Чойжилсүрэн хариуцлага хүлээхэд бэлэн гэж мэдэгдсэн ч уучлал гуйсангүй. Хоосон хүний 2 чихийг авах гээгүй л бол огцорчихсон сайдад ямар хариуцлага үүрүүлэх гээв гэсэн шиг явна. Л.Оюун-Эрдэнэ харин таг. Одоохондоо тэр уг нь Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч юмсан.

Одоо тэгээд бүгдээрээ тоггүй, хүйтэн гэртээ орохоос халгаад, гадаа шоу тоглолт үзэж, гадаадын инфлюнсер дагаж гүйх хэрэгтэй болж байх шив. Дараагийн Соёлын сайдтан бас нэг нөлөөлөгч авчрах л байлгүй. Тэр авчрахгүй гэхэд Ч.Номин аль хэдийнэ баахан нөлөөлөгч урьчихсан биз. Тэд нь ирж л таарна. Энэ зун найр, наадам хэсэж, намрыг мартахаасаа өмнө бүгдээрээ эртхэн шиг эсгий таавчиг, ноолууран цамц, ноосон өмд, нөмрөх алчуураа зэхсэн нь дээр болж байна даа.

- Шинэ
- Хандалттай