Ням гарагт ОХУ-ын зүгээс Украины зүүн хэсгийн Днепропетровскийн бүсэд довтолгоо эхлүүлсэн талаараа мэдэгдлээ. Энэ нь дайн эхэлснээс хойшхи гурван жилийн хугацаанд Оросын талаас тухайн бүсэд хийж буй анхны довтолгоо болж байгаа бөгөөд ийнхүү өнөөдрийг хүртэл огт дайн тулаан болж байгаагүй Украины тус муж Оросын довтолгоонд өртөж эхлээд байна.
Днепропетровск муж нь Оросын халдан довтолсон түрэмгий дайн эхлэхээс өмнө ойролцоогоор 3 сая хүн амтай гэгдэж байсан бөгөөд тус мужийн төв болох Днепрь хот нь 1 сая орчим хүн амтай.

ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдэгдэлд тус улсын зэвсэгт хүчнийхэн, тодруулбал танкны анги нэгтгэл Днепропетровскийн хил хязгаарт хүрч очсон гэсэн бол Украины зүгээс ямар нэгэн хариу мэдэгдэл хараахан хийгээгүй байна.
Харин орон нутгийн албаныхны зүгээс ням гарагт тухайн бүсийн хилийн ойролцоох жижиг тосгонд нэг хүн амь үрэгдсэн талаар мэдээлжээ.
Днепропетровск бол ОХУ-ын өөрсдийн нутаг дэвсгэрийн бүрэлдэхүүнд багтаан оруулсан хэмээн албан ёсоор зарлаж, нэхэмжилсэн Украины таван бүс нутгийн тоонд ороогүй бүс юм.
Түүнчлэн Украин улсын уул уурхай, аж үйлдвэрийн чухал зангилаа бүс нутаг бөгөөд Оросын тал тус бүс нутаг руу илүү гүнзгий довтолж давших нь хүнд хэцүү байдалд байгаа Киевийн цэрэг, эдийн засагт ноцтой нөлөө үзүүлж болзошгүй юм.
Үүнээс гадна өнгөрсөн баасан гарагт ОХУ-ын зүгээс Украины нийслэл Киев болон бусад нутгуудад пуужин болон дроны томоохон цохилт үзүүлснээс гадна бямба гарагт Оросын зэвсэгт хүчин Украины хоёр дахь том хот болох Харьков хотод пуужин, дроны цохилт үзүүлсний улмаас хамгийн багадаа 5 хүн амь үрэгдсэн байна.
Украин, ЕХ, АНУ-ын зүгээс тавьсан урьдчилсан болзолгүй, бүрэн гал зогсоох тохиролцоог ОХУ удаа дараа хүлээж авалгүй татгалзсаар байгаа бөгөөд сүүлд энэ сарын 2-ны өдөр Туркийн Истанбул хотноо явагдсан хоёр талын шууд яриа хэлэлцээний үеэр Оросын талаас Украиныг цэргээ галын шугамаас татаж, барууны бүх зэвсгийн дэмжлэгийг зогсоож, НАТО-гийн цэргийн эвсэлд нэгдэх хүсэл эрмэлзлээсээ татгалзахыг шаардсан билээ.