Ням гаргаас эхлэн Францын Номин эргийн Ницца хотод Дэлхийн 50 орчим улсын төр, засгийн тэргүүн хуран цугларч, далай тэнгист тулгараад буй “онц байдал”-ын асуудлаар чуулж байна. Хуванцар бохирдол, арилжааны загас агнуур, далайн гүний олборлолт зэрэг тулгамдсан сэдвүүдээр нэгдмэл байр суурьт хүрч, далай тэнгисийн орчны доройтлыг зогсоох найдвар тавьж байна.

Бага хуралд Францын Ерөнхийлөгч Э.Макрон, Бразилын Ерөнхийлөгч Луиз Инасио Лула да Сильва, Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей зэрэг 50 орчим улсын төр, засгийн тэргүүн хүрэлцэн ирсэн бол АНУ төлөөлөгч илгээгээгүй байна.
Далайн гүнээс ашигт малтмал олборлох, хэт их загас барих, уур амьсгалын өөрчлөлт, бохирдол зэргээс үүдэн, далай тэнгист үүсээд буй хямралыг зохицуулахад шаардлагатай хөрөнгө мөнгөний асуудал, далай тэнгисийг хамгаалах гарц шийдлүүд, геополитикийн маргаан зөрчилдөөнийг шийдвэрлэхэд чиглэсэн НҮБ-ын Далайн бага хурлыг (Unoc-3) Франц, Коста Рика улс хамтран зохион байгуулж байгаа юм.
Түүнчлэн далайн ёроолын хөрсийг хусаж хуулдаг, загас агнуурын “trawling” хэмээх хор хөнөөлтэй аргыг хориглох асуудлыг уг хурлаар хэлэлцэх ажээ.

Монакод болсон Далайн санхүүжилтийн чуулганаас Ницца хотод усан онгоцоор хүрэлцэн ирсэн Францын Ерөнхийлөгч Э.Макрон ням гарагт хийсэн мэдэгдэлдээ “Тогтвортой загасчлал, далайн тогтвортой тээвэр, тогтвортой аялал жуулчлалын боломжууд бий” хэмээн хэлсэн байна.
Усны түвшин, хог хаягдлын улмаас газар нутаг нь үгүй болж, живэх аюулд орж буй Номхон далайд байрлах жижиг арал дээрх улсууд энэ удаагийн чуулганд олноороо ирж оролцон, өөрсдийн асуудлаа өргөн тавьж, мөн тулгарч буй асуудлууд, саад бэрхшээлийг даван туулахад өндөр хөгжилтэй улс орнуудаас санхүүжилт шаардах төлөвтэй байна. Байгаль хамгаалагч идэвхтнүүд энэ удаагийн чуулганыг “Хий дэмий хоосон ярихаас өөр үр дүнгүй, бүтээмжгүй” хэмээн шүүмжилж байгаа нь нэг талаараа үнэн юм. Учир нь энэ удаагийн НҮБ-ын Далайн бага хурлаас ямар нэгэн хууль ёсны, хүчинтэй, дагаж мөрдөх гэрээ, баримт бичиг гарахгүй билээ.
Ницца хотноо 5 өдрийн турш үргэлжлэх эл хурлын үеэр эсэргүүцлийн тайван жагсаал болно. Францын эрх баригчид нийгмийн хэв журмыг зохицуулах үүднээс энэ үеэр 5000 цагдаа дайчлан ажиллуулахаар болжээ.
Өнөөдрийн байдлаар Дэлхийн нийт далайн ердөө 8-хан хувь л далайн хамгааллын бүс гэж заагдсан байдаг боловч бодит байдал дээр дээрхээс цөөн хувийг л хамгаалж чаддаг байна. Хэдийгээр 2030 он гэхэд нийт далайн 30 хувийг хамгаалалтад авахыг зорьж байгаа ч байгаль хамгааллын “Greenpeace” байгууллага уг зорилгод хүрэхэд 82 жил шаардагдана гэсэн тооцоо гаргасан байна.