МСБХ-ны 2024-2025 оны улирлын Үндэсний дээд лигийн аварга, Зүүн Азийн аварга “Хасын Хүлэгүүд” баг “BCL Asia” буюу 2025 оны Азийн Аваргуудын лигийн хэсгийн шатны сүүлийн тоглолтоо “Иран” улсын лигийн аварга Табиат багтай хийнэ. Хоёр багийн тоглолт орой 19:00 цагаас эхлэх юм.
Манай багтай тоглох Ираны “Табиат” баг нь БНХАУ-ын лигийн аварга “Zhejiang Guangsha Lions” багийг 99:85 харьцаагаар хожиж, эхний хожлоо аваад байгаа юм.
Тус баг нь 2023 онд байгуулагдсан шинэхэн баг бөгөөд Tabiat Sabz Pars Kohan гэх хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн үүсгэн байгуулсан баг аж. Энэхүү баг нь Ираны дээд лигт тоглосон эхний улиралдаа буюу 2023-24 оны “Ираны сагсанбөмбөгийн супер лиг”т аварга болж дотоодын хүчтэй өрсөлдөгч гарч ирж байгааг маш томоор мэдэгдэж түүх бүтээсэн. Ингэхдээ аваргын цувралд 3 жил дараалж түрүүлээд байсан Shahrdari Gorgan багийг 5 тоглолтод буулган авч тэдний ноёрхлыг зогсоосон юм. Улмаар BCL West Asia Super League-т орох эрхээ авч үүсэн байгуулагдсан 2 дахь жилдээ л Азийн клубуудын хамгийн том тэмцээнд оролцох боломжоо бүрдүүлж чаджээ.

Хүлгүүдийн тухайд эхний өдрийн дараах байдлаар “Азийн Аваргын лиг”-ийн хүснэгтийн 1-p байрт жагссан. Эхний тойрогт 9-р байранд орсон баг хасагдаж, дараагийн 8 баг 2-p тойрогт нугалаа байдлаар шууд хасагдаж 4 баг медалийн төлөө өрсөлдөнө.
Хэрвээ “Хасын Хүлэгүүд” баг Ираны багийг хожвол, хоёрдугаар тойрогт үлдэж нугалааны тоглолтоо хийх юм.