Газын зурваст явуулсан цэргийн ажиллагааны үеэр Хамас бүлэглэлийн цэргийн удирдагч Мохаммед Синварын цогцсыг олсон болохоо Израилын арми 6-р сарын 8-ны ням гарагт мэдээлжээ. Түүний цогцсыг Газын зурвасын өмнөд хэсгийн Хан Юнис хотын Европын эмнэлэг доогуур ухсан урт хонгилоос олсон байна. Тухайн цогцост ДНХ-ийн шинжилгээ хийн, Мохаммед Синварынх мөн болохыг тогтоожээ.

5-р сарын 31-нд Израилын зэвсэгт хүчин, Үндэсний аюулгүй байдлын газар хамтарсан мэдэгдэл гаргаж, 5-р сарын дундуур Хан Юнист явуулсан Израилын агаарын цохилтын улмаас Мохаммед Синвар алагдсан болохыг нотолсон бол Хамас бүлэглэл түүний үхлийг баталгаажуулаагүй байсан юм.
Мохаммед Синварын цогцост түүний бичиг баримтууд, эдэлж хэрэглэж байсан эд зүйлс байсныг мөрдөх албанд шилжүүлсэн байна. Түүний цогцостой хамт Хамас бүлэглэлийн Рафах бригадын командлагч Мохаммед Шабанагийн цогцсыг олсон талаараа Израилын зэвсэгт хүчин мэдэгдсэн байна.
Европын эмнэлэг доогуурх урт нарийхан хонгил руу Израилын зэвсэгт хүчнийхэн гадаадын цөөн сэтгүүлчийг хамт авч орон, богино хэмжээний бичлэг хийснээ мөн ил болгожээ. Израилын армийн мэдэгдэлд “Палестины зэвсэгт хүчний бусад бие бүрэлдэхүүний цогцсыг олсон бөгөөд одоогоор хэн болохыг нь шалган нотолж байгаа” гэжээ.