НҮБ-аас 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй 861 грамм бодисыг иргэн Д.С бусдад худалдах гэж байгаад цагдаагийн байгууллагад баригджээ. Тэрээр уг бодисоосоо 60.9 граммыг зарах гээд 6 хэсэг газарт аваачиж, борлуулахаар бэлтгэсэн байжээ.
Сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан түүний энэ хэрэгт прокурорын байгууллага Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1, 2 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.
Яг ийм бодисыг худалдах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан М.Б, Э.М, Э.Ж нарт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар улсын яллагч яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлэв.