АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, тэрбумтан Элон Маск нарын хэрүүл маргаан өнгөрсөн долоо хоногт олны анхаарлыг татсан үйл явдлын нэг байсан. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Д.Трамп NBC News мэдээллийн хөтөлбөрт оролцож, ярилцлага өгөх үеэрээ “Элон Маск бид хоёрын харилцаа дууссан гэж үзэж байна” хэмээн хариулсан байна. Тэрээр Элон Маскийг АНУ-ын төрийн тэргүүнд “маш хүндэтгэлгүй хандсан” хэмээн шүүмжилсэн байна.
Д.Трамп мөн тэрбумтан Элон Маскийг ирэх жил явагдах АНУ-ын дундын сонгуулиар сөрөг хүчний Ардчилсан намынхныг дэмжиж, санхүүгийн хандив туслалцаа үзүүлсэн тохиолдолд түүнийг “ноцтой үр дагавартай тулгарах болно” хэмээн сүрдүүлгийн шинжтэй зүйл хэлсэн байна.
Нэгэн үе салж хагацахааргүй ахан дүүс шиг явсан Трамп, Маск нарын харилцаа татварын хөнгөлөлт болон төсвийн тухай Трампын засаг захиргааны боловсруулсан хуулийн төсөл дээр санал зөрөлдсөний улмаас “хөрж”, улмаар “сошиал хэрүүл, маргаан” болон хувирсан юм. Мөн Трампын засаг захиргааны шинэ нэгж болох Засгийн газрын бүтээмжийн департаментын тэргүүний албан тушаалаас өнгөрсөн сарын сүүлээр буусныхаа дараа Элон Маск Ерөнхийлөгч Трамп руу үг хэлээр дайрч, доромжилж эхэлсэн билээ.
Д.Трамп Элон Масктай харилцаагаа сэргээх байтугай түүнтэй ярих ч хүсэл, сонирхолгүй байгаагаа дээрх ярилцлагын үеэр хэлсэн бол Цагаан ордны албаны эх сурвалжийн мэдээллээр Трамп нэгэн цагт Э.Маскт дэмжлэг үзүүлэхээр худалдан авч байсан “Тесла” машинаасаа салах бодолтой байгаа гэсэн байна.