Хэнтий аймагт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий нэгэн компани “Химийн хорт болон аюултай бодисыг ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д багтсан этилийн спирт, цууны хүчил, фторт устөрөгчийн хүчил, калийн гидроксид зэрэг хорт болон аюултай бодисыг өөр компанийн нэрийн өмнөөс ашиглажээ. Үүнээсээ болоод тус компани химийн бодисыг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс ашигласан, ашиг сонирхлын төлөө хууль бусаар ашиглан, үйл ажиллагаа явуулсан, хадгалсан гэх хэрэгт холбогдсон байна.
Нийслэлийн Прокурорын газар уг хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1,3 /Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхэд шилжүүллээ.
Өөр нэг компани Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодис ашиглах тусгай зөвшөөрөл авалгүйгээр “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д багтсан натрийн сульфид гэх бодисыг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, ашиг сонирхлыг төлөө хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан хэрэгт холбогджээ. Тус компанийн уг хэрэгт нийслэлийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1,3 /Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.