Эрдэнэбүрэн УЦС төслийн бүтээн байгуулалт удахгүй эхэлнэ. Үүнтэй холбогдуулан өчигдөр /2025.06.09/ “Пауэр Чайна-Монгол Улс Эрдэнэбүрэн усан цахилгаан станц” төслийн ерөнхий менежер Хи Шинфэй нарын хүмүүсийг Ховд аймгийн удирдлагууд хүлээн авч уулзав.
Уулзалтын Ховд аймгийн засаг дарга М.Амарсанаа Эрдэнэбүрэнд усан цахилгаан станц барих бүтээн байгуулалтад орон нутгаас ажилчин авах, хүнс, бараа материалыг орон нутгаас худалдан авах, орон нутгийн аж ахуйн нэгжүүдийг дэмжих, тээврийн компаниудаар тээвэрлэлт хийлгэх зэрэг саналыг тавилаа.
Уг төслийн ерөнхий менежерийн танилцуулснаар тус бүтээн байгуулалтын үеэр талбайд 700-800 хүн ажиллах юм байна. Тиймээс хүнсний хангамжийг орон нутгаас авах аж. Мөн ажилчдын дийлэнхийг орон нутгаас авч, сургахаар төлөвлөжээ. Хамгийн гол нь ажилчдыг тогтвортой ажиллуулахыг хүсэв.
Шаардлагатай ачаа, техник, тоног төхөөрөмж тээвэрлүүлэх хэрэгцээ тус төслийг гүйцэтгэгчдэд их байгаа аж. Тиймээс шаардлага хангасан компанитай хамтран ажиллахад бэлэн гэнэ. Талууд шаардлагатай үед уулзан, хамтын ажиллагааны талаар тухай бүр нь ярилцан, тодорхой шийдэл гаргаж ажиллахаар болсон байна.