Вьетнам улсын хүн амын дунд ковидын халдвар нэмэгдэж, 2 хүн нас бараад байна. Монгол Улсаас БНСВУ-д суугаа Элчин сайд яам үүнтэй холбоотойгоор, тус улсад байгаа монголчууддаа зориулан, сэрэмжлүүлэг түгээж байна.
Уг сэрэмжлүүлэгт “2025 оны 5 дугаар сараас эхлэн ковид-19 халдварын дэгдэлт аажмаар ихсэж байгаа бөгөөд Вьетнамын Эрүүл мэндийн яамнаас олон нийтийн газраар явахдаа болон нийтийн тээвэр, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхдээ амны хаалт зүүх, шаардлагагүй бол олноор цуглахгүй байх, гарын ариун цэвэр сахих, дасгал хөдөлгөөн хийх, шим тэжээлтэй хооллох, халуурах, ханиалгах, амьсгалахад хүндрэлтэй болох үед цаг алдалгүй өөрт ойр байгаа эрүүл мэндийн байгууллагад хандах зөвлөмжийг иргэд, олон нийтэд хүргүүлж эхэлсэн болно. Иймд Вьетнам улсад ажиллаж, амьдарч байгаа болон тус улсад түр хугацаагаар зорчиж байгаа иргэд Та бүхэн Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, халдвар хамгааллын дэглэм баримтлаж, эрүүл мэндээ хамгаалахыг хүсье” гэжээ.