Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 337 дугаар ангийг Засгийн газрын тогтоолоор Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчаагийн нэрэмжит болголоо. Нэрэмжит болгох ёслолд тус аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очир, Гурванбулаг сумын удирдлагууд оролцож, Ж.Гүррагчаа баатар болон Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн бүрэлдэхүүнд баяр хүргэв.
Зэвсэгт хүчний 337 дугаар анги сансрын нисэгч Ж.Гүррагчаагийн амьдрал, замналтай салшгүй холбоотой. Тус анги 1970 онд Монголын ардын армийн сөнөөгч авиацын эскадриль нэртэйгээр анх байгуулагдаж, Ардын арми, Зэвсэгт хүчин, Агаарын цэргийн командлалын тэргүүний ангиар олон удаа шалгарч, төр засгийн шагнал хүртсэн байна.

Цэрэг хүний тэсвэр тэвчээр, мэргэжилдээ эзэн байх хөдөлмөр, зорилгодоо үнэнч, тууштай байхын үлгэр дуурайл болсон Ж.Гүррагчаа баатар Улсыг агаарын довтолгооноос хамгаалах цэргийн Штабын дарга, Командлагчийн орлогч, Улсын байнгын онцгой комиссын дарга, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд зэрэг төр, цэргийн өндөр дээд, хариуцлагатай ажил алба хашиж, цэргийн нисэх хүчин, батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хөгжилд төдийгүй, улс нийгмийнхээ хөгжил цэцэглэлт, шинжлэх ухааны салбарт гарамгай гавьяа байгуулсан эрхэм хүн юм.
