Монголын боксын үндэсний шигшээ багийн тамирчид ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Ж.Энхтөрийн удирдлагад Европын цуврал тэмцээнд оролцохоор нэг сарын өмнө эх орноосоо мордсон билээ. Тэдний эхний тэмцээн Польшийн Варшав хотод болсон Дэлхийн цом байв. 22 орны 250 гаруй тамирчин оролцсон эл тэмцээнээс манай тамирчид гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн. Тодруулбал, олон улсын хэмжээний мастер А.Баттулга, Х.Билгүүнсайхан, М.Энхжаргал нар мөнгө, Г.Лундаа, Б.Мишээлт нар хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр V байр эзэлжээ.
Үүний дараа Германы Хайделбергийн бэлтгэлийн төвд олон улсын хамтарсан бэлтгэлд оролцож, улмаар Нидерландын Эйндховен хотноо болсон Дэлхийн цомд оролцсон. 28 орны 350 орчим тамирчин оролцсон энэхүү тэмцээнд манай тамирчид дөрвөн удаа Төрийн дууллаа эгшиглүүлж, Төрийн алтан соёмбот далбаагаа хамгийн өндөрт мандуулжээ. Залуу мастер Э.Номундарь, олон улсын хэмжээний мастер Б.Мөнгөнсаран, О.Есүгэн, Т.Энхтөр нар алтан медалиар энгэрээ мялаасан бол М.Энхжаргал, А.Баттулга нар мөнгө, Э.Мичидмаа хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр дөрвөн алт, хоёр мөнгө, нэг хүрэл медальтайгаар хоёрдугаар байрт шалгарсан байна.
Манай боксын шигшээ багийнхны оролцох гурав дахь тэмцээн Чехийн Усты Над Лабем хотод өнөөдөр болох гранпри юм. Уг тэмцээний аваргууд энэ сарын 14-нд тодорно.
Эх сурвалж: Монцамэ агентлаг