УИХ-ын хаврын чуулганаар Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэнэ. Манай улсад нийт 6,733 стандарт байгаа ч түүнийг иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөхгүй байгаагаас шалтгаалан хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, бүтээгдэхүүний аюулгүй байдал алдагдаж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөөр байгаа юм. Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 8 бүлэг, 36 зүйлтэй. 2022 онд барилга, эрүүл мэнд, хүнс, аялал жуулчлалын салбарын 2,000 гаруй стандартад үзлэг хийж олон улсын жишигт нийцсэн эсэхийг судлахад 159 стандартыг хүчингүй болгох, 1,067 стандартыг олон улс, бүс нутгийн жишигт нийцүүлэн шинэчлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. Дүгнэлт гарснаас хойш 3 жилийн хугацаа өнгөрөхөд 204 стандарт, 20 хүрэхгүй хувийг шинэчлэн баталжээ. Харин үлдсэн 80 орчим хувийг шинэчлээгүй өнөөдрийг хүрсэн байна. Энэ нь эрүүл мэнд, барилга, хүнс, аялал жуулчлалын салбар дэлхийн хөгжил дэвшил, технологи, инновациас хоцорч, худалдаан дахь саад тотгорыг арилгахад сөргөөр нөлөөлж байгааг хуулийн төсөл санаачлагчид хэлж байгаа юм. Стандартын хэрэгжилтийг мөрдүүлэх, хянах тогтолцооны нэг хэсэг нь олон улсын шаардлагад нийцсэн лаборатори боловч өнөөгийн байдлаар үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа сорилтын лабораториудын барилга, байгууламж, хүчин чадал, тоног төхөөрөмж, урвалж бодисын хангалт, хүний нөөцийн чадавх муу байгаагаас бүх салбарын лабораторийн бодлого, тогтолцоо алдагдаж, стандартын хэрэгжилт алдагдахад хүрсэн.Тиймээс стандарт, тохирлын үнэлгээ, итгэмжлэлийн үйл ажиллагаагаар дамжуулан салбар, салбарын шилдэг технологи, инновацын шинэчлэлтийг нэвтрүүлж, хяналт зохицуулалтын тогтолцоог сайжруулж, учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, гадаад, дотоод худалдааны эргэлтийг сайжруулж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх шаардлага үүссэн байна. Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага стандартчиллын баримт бичгийг сонгон хэрэглэх зохицуулалтыг өөрчилж, стандартыг иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөхөөр заасан. Стандартаар дамжуулан салбарын үйл ажиллагаанд хяналт тавих тогтолцоог бий болгох, стандартыг дагаж мөрдөх соёл хандлагыг төлөвшүүлэхэд хуулийн төслийн гол үзэл баримтлал чиглэж байна.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Стандартын хууль чуулганаар хэлэлцэгдэхээ хүлээж байна
- 2025/06/11
- •
- 6 өдрийн өмнө
- •
- 2 мин уншина

- Шинэ
- Хандалттай