horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Энэ жилийн “Плэйтайм” фестивал 100 000 үзэгч хүлээн авна

post-img

“Плэйтайм фестиваль 2025” ирэх сарын 3-6-нд “Плэйтайм” хүрээлэнд болно. 23 дахь жилдээ зохион байгуулах эл наадмаар 3000 түр ажлын байр бий болгон, 200 гаруй аж ахуй нэгжтэй хамтран дөрвөн өдрийн турш 100 мянган үзэгч хүлээн авахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа бөгөөд үр дүнд нь нийслэлийн эдийн засагт 12 тэрбум төгрөгийн нэмүү өртөг бий болгохоор тооцоолсон байна. 

Энэ жилийн наадмаар шинээр чухал хоёр технологийг нэвтрүүлж буйгаараа онцлогтой. Нэг нь тасалбарын QR код болон бугуйвчаараа төлбөр тооцоогоо хийх кэйшлесс технологи юм. Ингэснээр бол маш олон давуу тал бий болно. Ялангуяа үзэгчдийн аюулгүй байдлыг сайтар хангана. Наадмын тасалбарыг хуурамчаар үйлдэж борлуулах нийтлэг асуудал тулгардаг. Энэ технологийг нэвтрүүлснээр үзэгчдийг хохироохгүй байх боломж бүрдэнэ. Бугуйвчаараа төлбөр төлөх нь урт дараалалд удаан хүлээхгүй байхаас гадна бэлэн мөнгө, төлбөрийн картаа хаяж гээхгүй байх давуу талтай. Түүнчлэн ариун цэврийн байгууламжийг шинэчилжээ. Мөн майхан барих талбайг үнэ төлбөргүй болгосон гэнэ. Залуучууд Улаанбаатар хот руу яваад буцаж ирэх гэсээр 100 км замыг туулах болдог. Тиймээс 100 км зам туулахын оронд дулаан хувцаслаж ирээд тухтай байх боломж бүрдэж байна.

2027 онд Азийн тэргүүлэх топ таван фестивалийн нэг болох зорилготой уг наадмыг өнгөрсөн жил 72 мянган хүн үзэж сонирхсон байна. Тэгвэл энэ жил найман тайзнаас олон улсын 37, дотоодын 67 хамтлаг, дуучин уран бүтээлээ хүргэх юм. 23 дахь удаагийн наадам пост-метал урсгалаар бүтээлээ туурвидаг Францын алдарт “Alcest”, пост-хардкор урсгалыг дэлгэрүүлэгчдийн нэг Японы алдарт “Envy”, БНСУ-ын пост-рок “Jambinai”, АНУ-ын “YHWH Nailgun”, орчин үеийн хөгжмийн чиг хандлагуудаараа сүүлийн үед анхаарал татаж буй “Balming Tiger”, “Megumi Acorda”, “Selica Gel”, “VVAS” зэрэг хамтлаг, дуучид Монголын тайзнаа уран бүтээлээ хүргэж аж.

“Earth. Music. Art. Love” уриан дор болох наадмын тасалбарыг Shoppy.mn-ээр борлуулж буй бөгөөд ирэх сарын 3-ны хүртэл хямдралтай үнээр худалдан авах боломжтой юм.

0/1000