Морьт харваачдын 18 морийг энэ сарын 7-ны үүрээр 3-4 хүн хулгайлжээ. Энэ хэргийг нийслэлийн Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.
Уг морьдын эзэн Болдбаатар цахим хуудсандаа “Дэлэн дээрээс Дэлхийг хурааж явсан монголчууд бид хүнд хэцүүхэн он цагийн уртад мартаж гээчихсэн морьт харваа, намнаа хэмээх өв соёл, уламжлалыг XXI зуунд дахин сэргээн хөгжүүлж, өвлүүлэн үлдээхээр хичээж буй энэ цаг үед энэхүү спортод хүчээн өргөж байгаа 18 хүлэг морьдыг минь Жаргалантын амнаас 6 сарын 7-ны өглөө 04:30 цагт 3-4 хүн нийлэн хулгайлж, баруун тууж одсоныг хувь хүн, байгууллагуудын гаднах камерын бичлэгүүдээс үзэхэд нулимс мэлмэрч, зүрх шимширмээр байлаа. Хөөрхий дөө олигтой тэвээрч амжаагүй байгаа хүлгүүдийг минь хар хурдаар нь улаан галзуу, амь тавин хөөх , өлөн зэлмүүхэн хулгайч нарыг хараад үнэндээ маш ихээр өрөвдлөө. Их л зовох байх даа хөөрхийс…
Байршил тогтоогч GPS-г таслан авч, Өлзийт хорооллын наахнатай Айцын давааны цаана аваачиж, замын хажууд хаясан нь амьхандаа зүг буруулж байгаа бололтой…
Малын хулгайч нарт энэхүү постоороо сануулж хэлэхэд хөдөөний айлууд хүртэл өвөлжөө, хаваржаандаа өндөр нягтаршилтай 4 зүг 8 зовхисыг өдөр, шөнө ялгалгүй бичлэг хийдэг камеруудтай болсон байна шүү. Адуу туусан хулгайч нарын бичлэг алхам тутамдаа камерт өртөж бичигдэж байгаа нь үнэхээр гайхалтай байлаа…Эрүүгийн цагдаагийнхан ч шуурхай ажиллаж байна. Хувь хүмүүс ч сайн дураараа холбогдож, өөрсдийн хашаа хорооны камерт бичигдсэн дүрсүүдийг бидэнд илгээж байгаад, маш ихээр баярлан талархаж байна.
HORSEBACK ARCHERY буюу МОРЬТ ХАРВАА хэмээх өв соёл, спортыг Дэлхийн хүн төрөлхтний соёлын өвийн төв ЮНЕСКО-д Өмнөд Солонгос улс бүртгүүлэн эзэмшдэг гэдгийг монголчуудад сануулсу. Энэхүү өв соёлоо Монгол Улсын нэр дээр бүртгүүлэхээр тэмцэж буй энэ цаг үед монгол хүн бузар гар, санаагаа дүрж буртагласанд үнэндээ маш ихээр гутарч байна.
Мориндоо хайртай монгол түмэн минь хулгайч нарыг олж уншаад, гэмштэл нь энэ постыг түгээж , хуваалцаж өгөөрэй” гэж бичсэн байв.