horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

“ДЦС 3”-т гарсан ослын дүгнэлт ирэх 7 хоногт гарна

post-img

“ДЦС 3”-т гарсан ослыг Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого судлан бүртгэх комисс шалгажээ. Үйлдвэр бүрт үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс бий. Энэ комисс ажил олгогч, ажилтныг төлөөлсөн 3-аас доошгүй гишүүнтэй байдаг. Уг комиссын даргыг ажил олгогч томилно. Уг комисс үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарснаас хойш 48 цагийн дотор түүнийг судлан, үйлдвэрлэлийн осол мөн эсэхийг тогтоож бүртгэдэг. Түүнээс хойш ажлын 3 өдөрт багтаан уг актыг ажил олгогч хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчид хүргүүлнэ. Түүнийг улсын байцаагч ажлын 5 хоногт багтаан, хянаж үйлдвэрлэлийн осол мөн эсэхийг баталгаажуулна. Энэ 7 хоногоос яг энэ үйл явц эхлэн, үргэлжилж байна.

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын улмаас хүний амь нас хохирсон тохиолдолд хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч тусгайлан дүгнэлт гаргадаг. “ДЦС 3”-т гарсан осолд инженер амиа алдсан тул улсын байцаагч ийм дүгнэлт гаргах юм байна. Тус станцад гарсан ослыг судалсан акт, улсын байцаагчийн дүгнэлт ирэх 7 хоногт буюу 6-р сарын 17 гэхэд бэлэн болох аж. Тэр үед шинэ Засгийн газар ажилдаа орж, энэ ослын учрыг олж, хужрыг тунгаан, алдаа дутагдлыг яаралтай засна гэж найдъя.

Уг комисстой зэрэгцэн, Тагнуулын ерөнхий газар, ЦЕГ, АТГ, ОБЕГ гээд олон байгууллага өөр өөрийн шугамаар уг ослыг шалгаж байна. Хүний амь эрсэдсэн, ажиллагсдын эрүүл мэндэд ноцтой аюул үүссэн, төрийн өмчийн үнэтэй эд хөрөнгө сүйдсэн учраас уг осолд цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Эрчим хүчний салбарт үйлдвэрлэлийн ослоор 2020 онд 3, 2021 онд 1, 2023 онд 3, 2024 онд 3 хүн нас барсан байна. Үүний өмнө 2024 оны 10-р сарын 19-нд “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Улаанбаатар салбарын эзэмшлийн 220 КВт-ын 219, 220 дугаар шугамын трасс өөрчлөх үеэр осол гарч, засварчин, 26 настай залуу амиа алджээ. Тухайн үед цахилгаан дамжуулах тулгуурыг кранаар өргөн, шилжүүлж байсан аж. Уг засварчин тулгуур шилжүүлэх үед өргөж буй тулгуур болон краны дундуур орсон нь осол гарах үндсэн шалтгаан болсон гэж тус компанийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комисс дүгнэжээ.

0/1000